Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Жилийн хугацаанд төгрөгийн ханш "$"-ын эсрэг 6.3% унаж, хөрөнгө оруулалт хасах утгыг илэрхийлж байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 9 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монгол төгрөгийн ханш тасралтгүй суларсаар.

2020 он гарснаас хойш 4% унаж, өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2,853 төгрөгтэй дүйж байна. Энэ нь жилийн өмнөхөөс 181 төгрөгөөр өссөн дүн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэг жилийн хугацаанд монгол төгрөгийн ханш ам.долларын эсрэг 6.3% унажээ. 

Монголбанкны худалдан авах үнэт металлын биет хэмжээ нэмэгдсээр байгааг төв банкнаас мэдээлж буй. Гэвч төгрөгийн ханш ийнхүү суларсаар байгаа тул манай улсын гадаад валютын нөөц хорогдсоор байна. Өнгөрсөн онд манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 4.3 тэрбум долларт хүрсэн бол 2020 он гарснаас хойш долоодугаар сарын байдлаар Монголбанк валютын захад цэвэр дүнгээр 1.9 тэрбум орчим ам.долларыг (цэвэр дүн биш) нийлүүлжээ. Долдугаар сарын байдлаар гадаад валютын нөөц 3.6 тэрбум ам.доллар байна. 

Хагас жилийн байдлаар манай улсын нийт төлбөрийн тэнцэл 329 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өнгөрсөн оноос 565 сая ам.доллароор муудсан үзүүлэлт. Гадаадын шууд хөрөнгө оруулалт л гэхэд 115 сая ам.доллароор буурчээ. Энэ бүхэн төгрөгийн ханшид дарамт үзүүлж байгаа бөгөөд цаашид нөхцөл байдал дээрдэнэ гэсэн хүлээлт бага юм. 

График. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, сая ам.доллар (2012-2020.07 сар)

Өнгөрсөн долоо хоногт хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын ирэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталсан. Ирэх таван жилийн үндсэн чиглэлд Говь Гурвансайхан, Завханы Донойн нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Дорноговь аймгийн Алтанширээ суманд 300 мВт-ын цахилгаан станц барих дэд бүтэц барих, Орхон, Дархан-Уул аймагт шинжлэх ухаан, инновацын төвийн кластерыг хөгжүүлэх зэрэг ТЭЗҮ, зураг хийх төслүүдээс гадна санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай гэсэн маш олон төсөл хөтөлбөрийг хавсралтаар баталсан. Нэгэнт баталсан учраас хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхэд санхүүжилт шаардлагатай. 

Тэгвэл энэ бүх асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн хүндрэлээс гарах, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах томоохон хөшүүрэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтад ач холбогдол өгч, УИХ-ын зарим гишүүн өөр өөр байр суурь илэрхийлж байв. Тухайлбал,

"V хэлбэрийн өсөлт өндөр хөгжилтэй орнуудад л ажиглагдана"

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: 

Монгол Улсын таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхдээ нэг зүйл анхаармаар байгаа. Үнэхээр улс орны хөгжлийн асуудлуудыг ярихдаа суурь асуудлуудаа онцгойлон анхаарах ёстой. Үүний нэг чухал зүйл нь гадаадын хөрөнгө оруулалт. Үүнд Засгийн газрын зүгээс ч, УИХ-ын зүгээс ч тэр анхаарч ажиллах хэрэгтэй. 

Яг өнөөдөр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл оновчтой биш байгаа. Үүнд таатай нөхцөл бий болгож, хөгжлийг хөтлөх, төлөвлөх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх эх сурвалж болох гадаадын хөрөнгө оруулалтад анхаарахгүй бол хөгжлийн маш олон хөтөлбөр хөрөнгө санхүүгүүгээс болж гацаанд орно. Өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт хангалттай биш байна. Ялангуяа, уул уурхайн салбарын бус хөрөнгө оруулалтыг татахын тулд юу хийх вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Нөгөө талаар өрсөлдөөнтэй дэлхийд амьдарч байна. 

Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагийг Үндэсний хөгжлийн агентлагийн харьяанд бус ЗГХЭГ дээр татаж авбал ямар вэ. Ядаж шүүхэд очих маргааныг захиргааных нь шатанд шийдвэрлэх эрх мэдэл бүхий институтийн түвшинд хэлэлцэх байдлаар шүүхэд очихоос нь өмнө зарим маргааныг шийдээд өгөх боломжтой байвал гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл төрнө. 

Яагаад ГХО дээр онцгой анхаар гээд байна вэ. Коронавирусийн хүндрэлээс гарсны дараа V хэлбэрийн өсөлт ирж, огцом үсрэнгүй хөгжинө гэж сүүлийн үед их ярьж байгаа. Тэр чинь барууны орнуудад болно. Гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр барууны өндөр хөгжилтэй орнууд руу чиглээд явсан. Яагаад гэвэл тэнд бүх бизнесийн нөхцөл хөнгөрөөд, тийшээ хөрөнгө оруулах гээд бүх эдийн засгууд ажиллаад эхэлсэн. Угаасаа өндөр технологийг чиглэсэн хөрөнгө оруулалтууд хөгжиж байгаа биш, өндөр хөгжилтэй орнууд руу чиглэсэн. Тиймээс маш өрсөлдөөнтэй ийм нөхцөлд ажиллаж байгаагаа анхаарч, зоригтой арга хэмжээ авахаас гадна хөрөнгө оруулагчдад “Бид анхаарч байна” гэдэг ойлголтыг хоёргүй ухагдахуунаар өгөх хэрэгтэй байна. 

"Бид өрсөлдөх чадварын индексээрээ Киргизстаны дараа 81-т жагсдаг"

 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

Бид улсаа хөгжүүлэхийн тулд дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай байлгах хэрэгтэй. Таван жилийн үндсэн чиглэлийн үнэлгээний шалгуур жагсаалтад нэг зүйлийг би олж харсангүй. Бизнес болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үзүүлэлт.

Дэлхийн банкны өрсөлдөх чадварын индексээр манай улс 81-т жагсдаг, Киргизстаны дараа. Мөн адил дэлхийн эдийн засгийн форумын индексээр 102-т жагсаж байна, Руандагийн ард. Тэгэхээр бид эдийн засгаа дунд болон урт хугацаанд хөгжүүлэхийн тулд гадаад хөрөнгө оруулалтыг татах нь илүү чухал байна. Хэдий болтол гадны зээл тусламжаар эдийн засгаа санхүүжүүлэх вэ. Гаднын шууд хөрөнгө оруулалтад ихээхэн ач холбогдол өгмөөр байна. Яагаад гэвэл энэ индексүүдийг гаднын хөрөнгө оруулагчид чухалчилж хардаг. Энэ индексийг харж байгаад Монгол Улсын хөрөнгө оруулах орчин, ирээдүйн өгөөж ямар байхыг тооцдог. Эдийн засгийг авч гарч хөгжүүлэх гурван салбар байна. Уул уурхай, ХАА, аялал жуулчлал. Энэ гурван салбар гурвуулаа гаднын шууд хөрөнгө оруулалттайгаар явах болно. Түүнтэй холбоотойгоор гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг базсан төрийн байгууллага байх нь зохимжтой 

"Бид нэр хүндээ сэргээх хэрэгтэй"

 
гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: 

Хайгуулын лиценз авдаг, өгдөг журмаа хөнгөвчилж, тодорхой болгох хэрэгтэй. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт багасаж байгаа шалтгаан бол УУХҮЯ, Засгийн газраас нэг хуудас цаас буюу лиценз өгчихөөд хаана байгаа нь мэдэгддэггүй. Хайгуулын лицензийг нь өгсөн юм бол орд болгоод ашиглах бололцоог нь Засгийн газраас олгох хэрэгтэй. 

Газрууд нь арай гэж ажиллаж байхад гудамжны улстөрч, орон нутгийн лобби бүлгүүд ажлыг нь шууд зогсоодог асуудалд анхаарах хэрэгтэй. Хурдан хуулийг нь тодорхой болгож, хамгаалалтыг нь сайжруулж байж, гадаадын хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Бид нэр хүндээ сэргээх хэрэгтэй.


УИХ, Засгийн газраас МҮХАҮТ-д зохион байгуулсан уулзалтын үеэр мөн гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөлийг таатай болгох шаардлага байгааг бизнес эрхлэгчид сануулсан юм. Засгийн газар экспортыг дэмжих бодлого барина гэж төлөвлөж байгааг ярьсан. Харин худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар тухайлсан бодлогоо танилцуулаагүй байна.