Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын гэргий, охин хоёрын хүйтэн харилцааны талаар өгүүлсэн ном хэвлэгдэн гарлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгчийн гэргий, охин хоёрын дайсагнасан хүйтэн хөндий харилцааг илчилсэн ном худалдаанд гарчээ.

“Melania and Me: The Rise and Fall of My Friendship with the First Lady” номын зохиогч Стефани Уинстон Уолкоф нь нэгэн үе тэргүүн хатагтай Меланиатай найз байж, 2018 он хүртэл зөвлөхөөр нь ажиллаж байсан юм. Дараа нь тэр Трампын тангараг өргөх ёслолд зарцуулсан мөнгөний талаар мэдээлэл задруулсны улмаас албан тушаалаа орхиж байжээ.

Трампын анхны эхнэрээс төрсөн охин Иванка тэргүүн хатагтайтай таагүй харилцаатай гэсэн яриа түгээмэл байдаг.

Үүнийг батлах баримтууд дээрх номонд бичигдсэн байна. Тухайлбал Трампын тангараг өргөх ёслолыг зохион байгуулахдаа Меланиа үйл явдлын төлөвлөгөөг маш хатуу хянаж, гэрэл зурагт Иванкаг оруулахгүй байхаар бүгдийг зохицуулж байжээ.

50 настай тэргүүн хатагтай 38 настай дагавар охиноо “гүнж” хэмээн егөөдөж, түүнийг нөхөртэй нь хамт “хорт могойнууд” гэж хочлон ярьдаг байсныг мөн бичсэн байна. 351 хуудастай номонд энэ мэт маш олон баримт, түүхийг өгүүлсэн нь америкчуудын анхаарлыг ихээр татаж байна.

Өчигдөр АНУ-ын тэргүүн хатагтайн хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришэм уг номыг ерөнхийлөгчийн дайсан болсон эмэгтэйн өшөө авалт төдий зүйл гэж нэрлэжээ.

Саяхан Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганы үеэр Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ албан ёсоор авсан билээ. Энэ ёслолын үеэр Меланиагийн Иванкатай харилцахдаа гаргасан царайны хувирал, харцыг харуулсан бичлэг сошиал ертөнцөд өргөн тархаад байгаа юм.

Шинэ ном өчигдөр худалдаанд гарсан дороо Амазоны өндөр борлуулалттай номнуудын жагсаалтын дөрөвдүгээрт орсон байна.

Эх сурвалж: AFP