Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Портланд хотод арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид Трампыг дэмжигчидтэй мөргөлдсөний дараа нэг хүн алагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн орой АНУ-ын Орегон мужийн Портланд хотод арьс өнгөний үзлийн эсрэг BLM (Black Lives Matter) хөдөлгөөнийхөн ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчидтэй мөргөлдсөний дараа нэг хүн буудуулж амиа алджээ.

Тухайн өдөр Трампыг дэмжигчдийн 600 орчим автомашинтай цуваа Портландын төвд BLM хөдөлгөөнийхөнтэй тулгарсан юм. Энэ үеэр BLM хөдөлгөөнийхөн цувааг зогсоохыг оролдож, Трампыг дэмжигчид пэйнтболын сум, шүршигч шингэнээр хариу эсэргүүцэл үзүүлж байжээ. Аллага энэ мөргөлдөөнтэй холбоотой эсэхийг цагдаа нар шалгаж байна.

Автомашины цуваа оройн 8:30 цагт хотын төвөөс гарсан бол аллага 8:46 цагт гарсныг цагдаагийн мэдэгдэлд өгүүлжээ. Хохирогч нь барууны үзэлтнүүдийн уриа бүхий малгайтай цагаан арьстан байсныг гэрчүүд мэдээлсэн байна. Цээжиндээ буудуулж алагдсан түүний хэн болохыг тогтоогоогүй байгаа гэнэ.

Цагдаа нар бас алуурчныг илрүүлэхээр баримт цуглуулж байгаа ажээ.

Тавдугаар сарын сүүлээр Миннеаполис хотод африк гаралтай иргэн Жорж Флоид цагдаагийн гарт алагдсанаас хойших гурван сарын хугацаанд Портланд хотод үймээн самуун тасрахгүй байгаа юм. 

Бямба гарагийн аллагын дараа Портландын төвд дахин гудамжны жагсаал тэмцэл эхэлж, цагдаа нар 10 хүнийг баривчилжээ.

 

Трампыг дэмжигчид гурав дахь Бямба гарагтаа дараалан Портланд хотод эсэргүүцлийн цуваа зохион байгуулсан  юм. Өнгөрсөн долоо хоногт болсон Бүгд Найрамдах Намын үндэсний чуулганы үеэр Дональд Трамп болон бусад улс төрчид хэрвээ сонгуульд Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден ялбал Америкийн ирээдүй Портланд хот шиг болно хэмээн анхааруулцгааж байв.

 

Эх сурвалж: Associated Press