Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг өдөрт илэрсэн Covid-19 халдварын тохиолдлоор Энэтхэг улс дэлхийд тэргүүллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Энэтхэг улсад коронавирусийн халдварын 78,761 шинэ тохиолдол нэмэгдсэн нь дэлхий дахинд цар тахал эхэлсэн цагаас хойших хугацааны хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Долдугаар сарын 17-ны өдөр АНУ-д 77,299 тохиолдол илэрч байсан нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Ням гарагийн байдлаар дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 25 саяын босгыг давж, нас барсан хүний тоо 843,000 орчимд хүрсэн байна.

АНУ нийт зургаан сая халдварын тохиолдолтой дэлхийд тэргүүлжээ. Халдварын тохиолдлын тоогоор АНУ, Бразил улсуудын дараа гуравт жагсаж байгаа Энэтхэгт 3.5 сая орчим хүн халдвар авч, 63,000 орчим хүн нас бараад байна.

Эхэн үедээ Энэтхэг улс цар тахалтай амжилттай тэмцэж байсан ч сүүлд вирус том хотуудаас хөдөө орон нутаг руу тарснаар хяналтаа алдсан юм.

Оношилгооны тоо хэмжээ хангалтгүй байгаа тул бодит тоо албан ёсны тооноос өндөр гарах нь тодорхой байна. Энэтхэгт нэг сая хүн тутамд 30,000 оношилгоо оногдож байгаа нь хамгийн олон халдварын тохиолдолтой дэлхийн 10 орны дотор сүүлээсээ хоёрт орох муу үзүүлэлт юм.

Хэдийгээр коронавирусийн тархалт эрчимжиж байгаа ч Энэтхэг улсын засгийн газар эдийн засгаа аврахын тулд хорио цээрийн дэглэмээ үргэлжлүүлэн сулруулсаар байна.

 

Эх сурвалж: BBC