Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Boeing-ийн анхны сансрын хөлгөөр зорчих эмэгтэй нисгэгчийн нэрийг NASA зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Арав орчим жилийн дараа Америкчууд өөрийн хөлгөөр сансарт нисдэг болох эхлэлээ энэ жил амжилттай тавиад байгаа. SpaceX компанийн Crew Dragon хөлөг өнгөрсөн тавдугаар сард анхны сансрын нисгэгчдээ тойрог замд хүргэж чадсан.

Тэгвэл NASA-гийн хамтран ажиллаж буй хоёр дахь хувийн компани Boeing-ийн CST-100 Starliner хөлөг 2021 онд сансарт хөөрөх юм.

Энэ хөлгөөр тойрог замд хүрэх гурван сансрын нисгэгчийн нэгний нэрийг NASA өчигдөр зарлажээ.

49 настай, африк гаралтай эмэгтэй Жанет Эппс ирэх онд Boeing-ийн хөлгөөр анх удаа сансарт нисэхээр болсон байна. Нисэхийн инженер мэргэжилтэй түүнийг NASA 2009 онд сансрын нисгэгч болгохоор сонгосон ч одоо болтол нисгээгүй байгаа.

Эппс 2018 онд Оросын Союз хөлгөөр тойрог замд хүрэх Америкийн багийн бүрэлдэхүүнд шалгараад байсан ч нислэгээс таван сарын өмнө тодорхойгүй шалтгаанаар хасагдаж байжээ. Тэрбээр саран дээр хүн буулгах NASA-гийн Artemis хөтөлбөрт сонгогдохоор шигшигдээд байгаа 16 эмэгтэй сансрын нисгэгчийн нэг юм байна.

Тиймээс тэр ирээдүйд саран дээр хөл тавьсан анхны эмэгтэй болох магадлалтай юм. Boeing-ийн хөлөг хугацаандаа хөөрч чадвал тэр тойрог замд байгаа Олон Улсын Сансрын Станцад зургаан сар ажиллаж, амьдрах ажээ.

Ингэж чадвал тэр тойрог замд удаан хугацаагаар саатсан анхны Африк гаралтай сансрын нисгэгч болох юм.

 

 Эх сурвалж: Business Insider