Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тувагийн удирдагч хоёр дахь удаагаа Covid-19 өвчнөөр өвчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын засаг захиргааны тэргүүн гурван сарын дотор хоёр дахь удаагаа коронавирусийн халдвар авч, эмнэлэг хэвтжээ.

Шолбан Кара-Оол дахин халдвар авсан тухайгаа Даваа гарагт өөрийн сошиал хуудсаар зарласан байна.

“Нутаг нэгтнүүдээ, вирусийн халдвар давтагддаг нь тодорхой боллоо. Би халдварт өвчний улмаас эмнэлэгт хэвтээд байна. Энэ удаа дахин Covid-19-өөр өвчилжээ. Би хоёр дахь удаагаа халдвар авсан нь энэ юм” гэж Кара-Оол видео мэдэгдэлдээ ярьжээ.

Тэрбээр энэ удаагийн өвчлөл нь өмнөхөөсөө өөр шинж тэмдэг үзүүлж байгааг ярьсан байна. Тавдугаар сард тэр эхний удаа халдвар авахдаа уушгиндаа асуудалтай болсон бол энэ удаа толгой нь хүчтэй өвдөж байгаа гэнэ.

“Толгой маш хүчтэй өвдөж байна. Гэхдээ энэ бол асуудал биш. Би тэсээд гарна” гэж Кара-Оол ярьжээ.

Дэлхийн хэд хэдэн оронд өмнө нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс хэдэн сарын дараа хоёр дахь удаагаа өвчилсөн тохиолдлууд бүртгэгдээд байгаа юм.

Нидерланд, Бельги, Хонг Конгт гарсан тохиолдлуудад вирусийн шинжилгээ хийж, эхний ба хоёр дахь халдварын тохиолдлуудад ямар ялгаа байгааг нарийвчлан тодруулах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд ярьж байна.

 

Эх сурвалж: ТАСС, AFP