Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Израйльд хийсэн археологийн малтлагын үеэр 1,100 жилийн настай алтан зооснуудыг илрүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Израйльд хийсэн археологийн малтлагад сайн дураараа тусалж байсан өсвөр насны хүү мянга гаруй жилийн өмнө хүмүүсийн хэрэглэж байсан алтан зооснуудыг олж илрүүлжээ.

425 ширхэг 24 каратын цэвэр алтан зооснуудыг есдүгээр зууны үед Ойрх Дорнодод оршиж байсан Аббасидын халифат улсын үед хамаарахыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ нь тухайн үедээ асар их мөнгөд тооцогддог байсныг Израйлийн эртний эд зүйлсийн хэрэг эрхлэх газрын зоосны мэргэжилтэн Роберт Куул мэдэгджээ.

“Жишээлбэл ийм мөнгөтэй хүн тухайн үеийн Египетийн нийслэл Фустат хотод хамгийн тансаг харш худалдаж авах боломжтой байсан” гэж тэр тайлбарлаж байна.

Малтлагыг удирдаж буй мэргэжилтэн Лиат Надав-Зив “Энэхүү эрдэнэсийг 1,100 жилийн өмнө нэг хүн шавар вааранд хийгээд энд булсан байна. Тэр дараа нь эргэж ирээд авах зорилготой байсан нь ваарыг хэрхэн бэхэлж тогтоосноос харж болно. Харин түүнийг эргэж ирэхэд юу саад болсныг бид мэдэх боломжгүй юм” гэж ярьжээ.

Малтлага хийсэн газарт тухайн үед дархны газар байрлаж байсан гэж судлаачид үздэг юм байна.

 

Эх сурвалж: Reuters