Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн түүхийн дурсгалыг сүйтгэснийхээ төлөө Рио Тинтогийн боссууд шагналаа хасуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн дэлхийн томоохон компани Рио Тинтогийн өндөр албан тушаал хашдаг гурван хүн Австралийн нутагт түүхийн дурсгалыг сүйтгэснийхээ төлөө шагнал урамшууллаа хасуулахаар болжээ.

Энэ оны тавдугаар сард тус компани баруун Австралийн нутагт оршдог төмрийн хүдрийн ордод тэсэлгээ хийхдээ нутгийн уугуул иргэдийн түүхтэй холбоотой агуйг сүйтгэсэн юм.

Жуканы хавцал гэдэг газарт орших агуйнуудад Австрали тивд 46,000 жилийн өмнөөс эхлэн хүн амьдарч байсныг батлах баримтууд хадгалагддаг байжээ.

Одоо Австралийн засгийн газраас томилсон ажлын хэсэг уг асуудлыг шалгаж байгаа юм.

Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Жан Себастьен Жак энэ оны шагнал урамшууллаасаа $3.5 саятай тэнцэх мөнгийг хасуулахаар болсон байна.

Төмрийн хүдрийн бизнес хариуцсан захирал Крис Солсбэри, олон нийттэй харилцах албаны захирал Саймон Найвен нар тус бүр $2 сая орчимтой тэнцэх шагнал урамшууллаа хасуулахаар болжээ.

Тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл захирлуудын шагнал урамшууллын хасалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 2020 оны санхүүгийн тайландаа тусгахаар болсныг мэдэгдсэн байна.

Сүйдсэн агуйнууд нь найман сая тоннын нөөцтэй сайн чанарын төмрийн хүдрийн орд дээр байрладаг байжээ.

“Жуканы хавцалд гаргасан алдаагаа дахин давтахгүйн тулд бид засаглалаа сайжруулах чухал арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, нутгийн уугуул иргэдтэй итгэлцлээ сайжруулахаар үргэлжлүүлэн ажиллаж байна” гэж Рио Тинтогийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Симон Томпсон мэдэгдсэн байна.

Шалгалтын явцад Рио Тинтогийн удирдлага тэсэлгээг хийх хууль ёсны зөвшөөрлийг авсан боловч компанийн дотоод журам, стандарт нь тодорхойгүй байсныг тогтоожээ. Мөн тэсэлгээг хийхээсээ өмнө нутгийн уугуул иргэдтэй харилцан зөвшилцөлд хүрээгүй байсныг тогтоосон байна.

 

Эх сурвалж: BBC