Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Францын ерөнхийлөгч Макрон хордсон байж болзошгүй Навальныйд улс төрийн орогнол олгохоо амлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 8 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн биеийн байдал гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлсэн билээ.

Тэрбээр Сибирийн Томск хотоос Москва руу буцаж явахдаа бие нь гэнэт муудаж, онгоц нь Омск хотод ослын буулт хийсэн байна.

Навальныйн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тэр эмнэлэгт хүргэгдэхдээ ухаангүй байсан бөгөөд өглөө нисэх буудлын кафед ганц аяга цай уусан гэнэ. Цайнд нь хор хийсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа ажээ.

Омск хотын эмнэлэг зохих шинжилгээг хийх багаж төхөөрөмжгүй тул гадаад руу явуулах боломжийг судалж байгаагаа Навальныйн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш мэдээлсэн байна.

Омск хотын эмнэлэгт цагдаа нар олноор ирж, эмчилж байгаа эмчээс нь мэдүүлэг авсныг тэр бас мэдээлжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Түүний биеийн байдал хүнд байгааг бид мэдэж байгаа. Эмч нар шаардлагатай бүхнийг хийж байна. Омск хотын шилдэг эмч нар ажиллаж байгаа. Москвагаас мэргэжилтнүүд тэдэнд зөвлөгөө өгч байна. Мэдээж бид манай орны бусад иргэдийн нэгэн адил түүний бие түргэн сайжрахыг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

Хэрвээ Навальныйн багийнхан түүнийг гадаад руу эмчлүүлэхээр авч явах хүсэлт гаргавал туслахад бэлэн байгаагаа Песков хэлжээ.

Өчигдөр бас гадаад орнуудын удирдагчид Навальныйн эрүүл мэндэд санаа зовж байгаагаа илэрхийлцгээсэн байна.

Тухайлбал Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд Навальныйд улс төрийн орогнол олгох боломжтойг мэдэгджээ.

Германы “The Cinema for Peace Foundation” төрийн бус байгууллага эмнэлгийн тусламжийн онгоц ОХУ руу илгээснээ мэдээлсэн байна.

Гэхдээ Навальныйг Герман руу эмчлүүлэхээр явуулахыг Оросын тал зөвшөөрөх эсэх тодорхойгүй байгаа юм.

Литва, Их Британи улсуудын гадаад хэргийн сайд нар Навальныйн эрүүл мэндэд санаа зовж байгаагаа сошиал хуудсандаа илэрхийлцгээжээ.

 

Эх сурвалж: CNN