Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын ээлжит сонгуулийн саналыг луйвардсан гэж үзэж буй улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчид өргөх бичиг барилаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 8 сарын 20
iKon.MN

Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, ШИНЭ эвсэл болон бие даан нэр дэвшсэн хүмүүсийн төлөөлөл хамтран мэдээлэл хийлээ. 

Тэд 2020 оны сонгуулийн санал хураалтад луйвар орсон гэж үзэж буй бөгөөд тодорхой нотлох баримтуудыг цуглуулж, хуулийн байгууллагуудад хандсан байна. Гэвч хоёр сар гаруйн хугацаанд ямар нэг арга хэмжээ авагдаагүй тул өнөөдөр найман зүйл, заалт бүхий өргөх бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулах гэж буй юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн эхэнд, Ардчилсан намын Дэд дарга Ц.Туваан өнөөдрийн хуралд 1.8 сая сонгогчийн авсан төлөөлөл цугласныг онцлоод "Орон нутгийн сонгууль явагдах хугацаа тун дөхсөн тул ирэх сонгуулийг ч мөн луйврын болгохгүйн тулд бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа" хэмээв. 

"Улс төрийн хүчнүүд хамтарч сонгуулийн булхайг илчлэхийн төлөө зүтгэж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

МАХН-ын дарга Н.Энхбаяр "2020 оны УИХ-ын сонгууль нь луйврын сонгууль боллоо гэж урьдчилсан байдлаар дүгнэж, улс төрийн хүчнүүдийн төлөөлөл ажлын хэсэг байгуулсан.

Уг ажлын хэсэг ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн бөгөөд Ерөнхийлөгчид өгөх бичигтэйгээ хавсарган хүргүүлнэ. Тухайлбал, сонгуулийн санал авах хуудас нь тусгай нууцлалтай байх ёстой гэж хуульд заасан. Гэвч энгийн цаасаар санал хураасан. Хуруун дээр тэмдэглэгээ хийгээгүй, нэг хаяг дээр олон хүний нэрийг бичсэн зэрэг нь батлагдаад байгаа. 

Бид прокурорын байгууллагад хандаж гомдлоо гаргасан бөгөөд төрийн эсрэг гэмт хэрэг, төрийн эрхийг хууль бусаар булааж авах ноцтой үйл ажиллагаа гэж үзэж тагнуулын байгууллага шалгаж байна. Гэвч тагнуул, хууль, шүүхийн байгууллага удаан ажиллаж байна. Тиймээс АН, МАХН, ШИНЭ эвсэл, бие даагчид хамтран энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд Ерөнхийлөгчид хандан бичиг барьж байна.

Улс төрийн хүчнүүд нэг нэгээрээ явахаар хүчээ тарамдаж байгаа тул хамтдаа зүтгэж, хамтарч сонгуулийн булхайг илчлэхийн төлөө зүтгэж байна" гэлээ. 

"УИХ-ын сонгуулийн хуудсыг дугаарлах ёстой байдаг ч дугаарлаагүй, нууцлалтай холбоотой олон заалтыг хэрэгжүүлээгүй"

 
Гэрэл зургийг mpa.mn

ШИНЭ эвслийн дарга Ж.Батзандан "Сонгуулийн луйврыг эсэргүүцэж, 200,000-аас дээш санал авсан улс төрийн дөрвөн хүчин уулзаж, сонгуулийн булхайг таслан зогсоохын тулд хамтран ажиллах ёстой гэж санал нэгдсэн.

Сонгуулийн луйвар нь 2016 онд 60 тэрбумаар үргэлжилж, 2020 онд сонгодог луйвар хийсэн байна. Олон бие даагчийн саналыг хар машин таслал тавих замаар луйвардсан. УИХ-ын сонгуулийн хуудсыг дугаарлах ёстой байдаг ч дугаарлаагүй, нууцлалтай холбоотой олон заалтыг хэрэгжүүлээгүй, гадаадын ажиглагч нарыг оролцуулаагүй сонгуулийг 2020 онд хийлээ" гэлээ. 

"Сонгогчдын 60 хувийг төлөөлж буй хүмүүс гомдолтой, бухимдалтайгаар шударга ёсыг шаардаж байгаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

Бие даан нэр дэвшсэн Т.Ганболд "УИХ-ын сонгуультай холбоотой тодорхой баримтуудтайгаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын Ерөнхий прокурорын газарт хандсан боловч хоёр сарын хугацаа өнгөрөөд байхад арга хэмжээ авсангүй.

Сонгуулийн үр дүнд ялсан гэж байгаа нам нь сонгогчдын 40 хувийн саналыг авсан. Харин сонгогчдын 60 хувийг төлөөлж буй хүмүүс гомдолтой, бухимдалтайгаар шударга ёсыг шаардаж байгаа юм" гэв. 

Мэдээлэл хийсэн улс төрийн хүчнүүд хурлын дараа Ерөнхийлөгчид өргөх бичгээ барихаар явлаа.