Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК 2020 оны эхний хагас жилийн ҮА-ны үр дүнгээс 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

З.Санжаа, iKon.mn
2020 оны 8 сарын 18
iKon.MN

Монголын хөрөнгийн биржд бүртгэлтэй АПУ ХК-ийн ТУЗ 2020 оны 8-р сарын 13-ний өдөр хуралдаж 20/14 тоот тогтоолоор компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 37.50 (гучин долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Компанийн нийт хувьцааны тоо 1,064,181,553 ширхэг байгаа бөгөөд 39.9 тэрбум төгрөгийг ийнхүү ногдол ашиг хэлбэрээр тараахаар болж байна.

Тус компани 2020 оны эхний хагас жилд 198 тэрбум төгрөгийн борлуулалт хийж (өртөг нь 139.7 тэрбум төгрөг) орлогын татварт 9.6 тэрбум төгрөг төлж 41.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Өөрөөр хэлбэл хагас жилийн цэвэр ашгийнхаа 97 хувийг хувьцаа эзэмшигч нартаа тараана.

Эргэн сануулахад АПУ ХК 2019 оны ҮА-ны үр дүнгээс 75.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан билээ.