Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зеландын эрх баригчид коронавирусийг хөлдөөсөн хүнсний бараагаар дамжиж ирсэн байх хэмээн сэжиглэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Дотооддоо дамжсан короанвирусийн халдваргүй гурван сар гаруй хугацааг өнгөрөөсөн Шинэ Зеланд улсад саяхан халдварын шинэ голомт илрээд байгаа билээ.

Мягмар гарагт тус улсын хамгийн том хот Оклэндийн нэг гэр бүлийн дөрвөн хүнээс халдвар илэрсэн юм. Үүнээс хойш илэрсэн 13 шинэ тохиолдол бүгд дээрх гэр бүлээс гаралтай нь тогтоогджээ.

Хэдхэн хоногийн өмнө ганц ч халдварын идэвхтэй тохиолдолгүй байсан Шинэ Зеландад өнөөдөр 36 тохиолдол шинээр илрээд эмчлэгдэж байна.

Анхны халдвар тээгчдийн нэг нь хөлдөөсөн импортын хүнсний бараа хадгалдаг хөргөлттэй агуулахад ажилладаг байжээ. Уг агуулах нь АНУ-ын Americold Realty Trust компанийн Шинэ Зеланд дахь салбар юм.

Тус улсын эрүүл мэндийн сайд Эшли Блүүмфилд коронавирусийн шинэ төрөл хөлдөөсөн хүнсээр дамжин Шинэ Зеландад орж ирсэн байх боломжтойг өмнө нь ярьж байжээ.

Харин өчигдөр тэр энэ хувилбарыг “магадлал багатай” гэж тодорхойлсон ч үүнийг албан ёсоор батлах шаардлагатай байгааг хэлсэн байна.

Өмнө нь Хятад улсад Өмнөд Америкаас ирсэн хөлдөөсөн хүнсээр дамжин коронавирус орж ирсэн тохиолдол бүртгэгдэж байжээ.

Гэхдээ Шинэ Зеландын зарим судлаачид коронавирус хүн амын дунд олон хоногийн өмнөөс тархаж байгаад сүүлд илэрсэн байх магадлалтай гэж үзэж байна.

Оклэнд хотод энэ долоо хоногийн Лхагва гарагаас эхлэн гурав хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Энэ хугацаанд нөхцөл байдлыг үнэлж дүгнээд дараагийн арга хэмжээг авах юм.

Шинэ Зеландын ерөнхий сайд Жасинда Ардерн өчигдөр хэвлэлийн хурлын үеэр “Энэ удаагийн дэгдэлт вирус ямар нарийн түвэгтэй, хэр хурдан тархдаг болохыг бидэнд дахин сануулж байна. Шаргуу ажиллах, эрт арга хэмжээ авах нь вирустэй тэмцэх хамгийн шилдэг арга зам юм. Бидний өмнөх туршлагаас харахад нөхцөл байдал сайжрахаас өмнө хүндрэл заавал тохиолддог. Тиймээс ойрын үед халдварын тохиолдол олноор нэмэгдэх нь тодорхой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP