Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Электрон болон энгийн тамхи татдаг хүмүүс коронавирусийн халдвар авах магадлал 7 дахин их байгааг тогтоожээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн COVID-19 халдварын талаарх судалгааны тоймыг танилцуулав.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавируст халдварын талаар 57,899 судалгаа, шинжилгээний өгүүлэл хэвлэгджээ.

Уг өвчний эсрэг нийт 2,984 эмнэл зүйн туршилт судалгаа дэлхий дахинд хийгдсэнээс 278 нь амжилттай болсон байна.

Мөн ДЭМБ-т албан ёсоор бүртгүүлсэн 167 вакцин бүтээх судалгааны ажил хийгдэж буй. Тэдгээрээс 28 багийн вакцины судалгааны ажил сүүлийн шатандаа оржээ” гэв.

COVID-19-ийн халдвартай хүмүүсийг эмчилж буй эмч нар бусад эмч нараас 1.7 дахин илүү халдвар авах магадлалтай

1. Дани улсын эрдэмтэд 29,295 эрүүл мэндийн ажилчдын дунд эрсдлийн судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын дөрвөн хувь нь буюу 1,162 эмч, эмнэлгийн ажилчин коронавирусийн халдвар илэрчээ.

Эрэгтэй ажилчид нь эмэгтэй ажилчдаас 1.5 дахин илүү халдвар авсан нь тогтоогдсон байна. 

Вируст халдварын улмаас эмчлүүлж буй өвчтөнүүдэд шууд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа эмч, эмнэлгийн ажилчид бусад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмнэлгийн ажилчдаас 1.7 дахин илүү халдвар авах эрсдэлтэй байна.

Халдвар авсан эмч нарын 39 хувь нь үнэрлэх, амтлах чадвараа алдаж байсан гэж судалгаанд онцолжээ.

Халдвар авсан 60-аас дээш насны хүн сэхээн амьдруулах тасагт шилжих магадлал нь 4 дахин их

2. БНХАУ-ын Ухань хотын эмнэлэгт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн дунд насны бүлгээр судалгаа хийжээ.

Судалгаагаар өндөр настай буюу 60-аас дээш настай хүмүүсийн 36 хувьд нь, 60-аас доош насны өвчтөнүүдийн 11 хувьд нь амьсгалын замын хурц дутагдалд орох шинж тэмдэг илэрчээ.

Мөн 60-аас дээш насны өвчтөнүүдэд зүрх гэмтэх магадлал өндөр байсан бөгөөд тэднийг залуу өвчтөнүүдээс сэхээн амьдруулах тасагт шилжүүлэх магадлал дөрөв дахин их байна гэж судлаачид үзэж байна.

Жирэмсэн эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн болон хоол тэжээлийн зөвлөгөө хэрэгтэй

3. БНХАУ-ын эрдэмтэд хөл хорионы үеэр амаржсан 640 эхэд цахим судалгаа хийжээ.

Судалгаагаар, цар тахлын тохиолдол өндөр бүртгэгдэж байгаа хотод амьдарч буй ээжүүдэд сэтгэл зүйн улмаас хэтрүүлэн хооллох болон санаа зовинох шинж тэмдэг илэрч байсан бөгөөд биеийн хөдөлгөөний дутагдалд орсон эмэгтэйчүүдэд энэ шинж тэмдэг илүү тохиолдож байжээ.

Хөл хорионы үеэр хэтрүүлэн хооллож байсан эмэгтэйчүүдийн дунд илүү жинтэй төрөлт хоёр дахин илүү байсныг нотлосон байна.

Энэхүү хөл хорионы өөрчлөлт нь илүү жинтэй нярай төрөх эрсдлийг үүсгэж байгаа учраас жирэмсэн ээжүүдэд хоол шим тэжээлийн болон сэтгэл зүйн зөвлөгөө түлхүү өгөх хэрэгтэй гэж зөвлөжээ.

Цар тахлын үеэр эрхтэн шилжүүлэх тусламж үйлчилгээ багасжээ

4. АНУ-ын Вашингтоны эрдэмтдийн баг цар тахлын үед эрхтэн шилжүүлэн суулгах эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар судалгаа явуулжээ.

2020 оны гуравдугаар сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрөл олгосон тоог өмнө оны мөн үетэй харьцуулахад 11 хувиар буурчээ.

Мөн шилжүүлэн суулгаж буй эрхтний тоо 18 хувиар буурсныг тогтоожээ.

Хепатит С вирусийн эсрэг эмийг COVID-19-ийн эмчилгээнд туршиж байна

5. БНХАУ-ын эрдэмтэд хепатит С вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг эмийг коронавируст халдвараар өвчилсөн хүмүүст турших эмнэл зүйн судалгааг амжилттай хийжээ.

Туршилтын үеэр энэ эмийг дангаар хэрэглэхэд үр дүн үзүүлээгүй боловч гормон эмчилгээтэй хавсран хэрэглэсэн үед амьсгалын замын хурц дутагдалд орсон өвчтөнүүдийн нас баралтын түвшинг бууруулжээ.

ОХУ 25 жилийн өмнө бүтээсэн вирусийн эсрэг эмээ COVID-19-ийн эмчилгээнд туршиж эхэлжээ

6. ОХУ-ын эмийн судалгааны хүрээлэнгийн 25 жилийн өмнө зохион бүтээсэн эмийг томуу, хепатит, B вирус болон Зика зэрэг олон төрлийн вирусийн эмчилгээнд үр дүнтэй хэрэглэж байсан.

Тус эмийг COVID-19-ийн өвчтөнүүдэд хэрэглэх эмнэл зүйн туршилт судалгааг эхлүүлжээ.

Электрон тамхи татдаг хүний халдвар авах эрсдэл нь энгийн хүнийхээс 5 дахин их

7. АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэд 12-24 насны залуучуудын дунд судалгаа хийжээ.

Судалгаагаар электрон тамхи татдаг залуус коронавирусийн халдвар авах магадлал тамхи татдаггүй хүмүүсээс тав дахин илүү байжээ.

Мөн электрон болон энгийн тамхи хослуулан хэрэглэдэг бол 7 дахин илүү халдвар авах эрсдэлтэйг тогтоосон байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3327150760842615

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.