2020/09/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,853.64₮
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
10°
|
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
10°
13:00
S32
11°
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S31
20:00
S31

​Ж.Мягмар: Цэцэрлэгийн хүүхдэд нэг улиралд шаардагдах хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлийн жагсаалт гаргана

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 8 сарын 14
iKon.MN

-Цэцэрлэгт хамрагдахгүй тохиолдолд хүүхдээ гэр бүлийн орчинд хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн-

Улс орон даяар бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Хичээлийн шинэ жилд цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах, хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлийн жагсаалтад өөрчлөл орж буй эсэхийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмараас тодрууллаа. 

 

-Дэлхий нийтэд тархаад байгаа Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэгийн насны хүүхдийн тодорхой хэсэг нь цэцэрлэгт хамрагдахгүй зохицуулалт хийж байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагаагэхлүүлэхтодорхой шийдвэрүүд гарч, бэлтгэл ажлууд явагдаж байна.

Энэ хичээлийн жилд буюу эрсдэлтэй нөхцөл байдалд бид хүүхдийн эрүүл мэнд, дархлааны байдлыг харгалзан 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахгүй, эцэг эх асран хамгаалагчийн асрамж хамгааллын дор хөгжлийг нь дэмжих шийдэл гаргасан.

Өөрөөр хэлбэл, 2 настай 77 мянга орчим хүүхэд гэр бүлийн орчинд байх нь. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу 5 настай хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдүүлнэ. Мөн өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-4 настай хүүхдүүдээ хамруулахаар ажиллаж байна. 

-Хоёр настай хүүхдүүдийг авахгүй байж яагаад 3 настай хүүхдүүдийг авч байна вэ гэсэн асуултыг эцэг эхчүүд их тавьж байна. Үүнд хариулт өгнө үү?  

-Бид цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц дээр жил бүр судалгаа хийдэг.  Өнгөрсөн жил Ковид-19 цар тахал гараагүй, зөвхөн улирлын томуу дэгдэх үед гэхэд 2 настай хүүхдүүдийн 60-70 хувь нь  цэцэрлэгт ирэхгүй байсан.

Анх удаа цэцэрлэгт явж байгаа хүүхдэд шинэ орчинд дасан зохицох үеийн хямрал явагдаж, ханиад томуу болон бусад янз бүрийн өвчинд өртөмтгий байдаг. 2 настай хүүхдүүд жилийн турш ханиад нь бүрэн эдгэрэхгүй, уушгины суурь өвчтэй болох асуудал ч гарч байгааг эрүүл мэндийн байгууллага мэдээлдэг. 2 настай хүүхэд, 3 настай хүүхдийн хооронд дархлаа, өвчин эсэргүүцэх чадварын хувьд асар их ялгаа байдгийг эцэг эхчүүд мэднэ дээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед хүүхдүүдийнхээ нас, бие бялдрын онцлог болон олон талын мэдээлэл зөвлөмжид үндэслэн ийм шийдэл гаргасан. 

-5 настай болон 3-4 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахдаа “Ковид”-той холбоотой зохицуулалтууд мөн хийж байгаа байх. Энэ тухайд? 

-Энэ хичээлийн жилд 5 настай 79,900 хүүхэд бүгд цэцэрлэгт хамрагдах боломжтой.

Монгол Улс анх удаа өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлэх гэж байгаатай холбогдуулан нэг хүүхдэд 1-1.5 ам.метр тайлбай оногдохоор баримжаалж, нэг ангид 20-25 хүүхэд хамруулахаар сайдын тушаалаар батлагдсан түр журамд тусгасан. Өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан 3-4 настай хүүхдүүдээ хамруулахдаа ч дээрх зохицуулалтыг баримтална. 

-Хоёр настнууд, мөн малчдын хүүхдүүд гэхчлэн цэцэрлэгт хамрагдахгүй үлдэж байгаа хүүхдүүдийн хөгжлийн асуудлыг бодолцож үзсэн үү?

-Гэр бүлийн орчинд цэцэрлэгийн насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг өнгөрсөн онд сайдын тушаалаар баталсан. Тэгэхээр хүүхэд нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй эсвэл эцэг эх эрсдэлээс сэргийлж, хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүй байх шийдэл гаргасан тохиолдолд хүүхдийнхээ хөгжлийг гэрт нь дэмжих боломжтой. 

Эцэг эхэд зориулсан зөвлөмж, хүүхдэд зориулсан дасгал ажлын дэвтэр зэргийг бид гаргасан. Хүүхдэд ямар ном уншиж өгөх вэ, ямар тоглоомоор тоглуулах вэ, дагалдах хэрэгсэл нь юу байж болох вэ гэдэг зөвлөмжийг хүртэл хийгээд өгсөн байгаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын теле хичээлүүдийг бэлтгэсэн.

Гэр бүлийн орчинд эцэг эх асран хамгаалагчид өөрсдөө хүүхдийнхээ хөгжлийг дэмжих боломжийг хангалттай бүрдүүлсэн.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өдөрт танхимаар хичээллэх хичээлийн цаг багассан. Цэцэрлэгийн тухайд яах вэ? 

-Мэдээж, цэцэрлэг онцлогтой, тогтоосон өдрийн дэглэмтэй. Энэ дэглэмийн дагуу долоо хоногийн 5 өдөр, өмнө нь ажилладаг байсан цагийн хуваарийн дагуу ажиллана. Нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа.

Аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, олон орц гарцаар хүүхдээ хүлээж авах, хүүхдүүдийн халууныг өглөө бүр ирэхэд нь үзэж, гарыг нь ариутгах, гэр цэцэрлэг хоёрын хооронд заавал маск зүүх шаардлага тавих, ариутгал цэвэрлэгээг 2 цаг тутамд хийх арга хэмжээ авна. Хүүхдүүд цэцэрлэгийн анги танхим дотор маск зүүхгүй.

-Аравдугаар сараас эхлэн ханиад томууны өвчлөл эрс нэмэгддэг. “Ковид”-ын хамгийн эрсдэлтэй үе гэсэн тооцоолол ч дуулдсан. Үүнийг тооцсон уу?

-Боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлаа хангах, хичээл сургалтын үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх чиглэлийг Боловсрол, шинжлэх ухааны яам баримталж байгаа.

Сар бүр нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Тухайн цаг үе, нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн тохирох арга хэмжээг авч хэрэгжүүлээд явна. Цэцэрлэг дээр шим тэжээлтэй хоол хүнсээр үйлчлэхээс  эхлээд боловсролын байгууллага бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллах болно. Эцэг эхийн үүрэг хариуцлага чухал гэдгийг сануулахыг хүсэж байна.

Хүүхдээ гэрт байх үед нь хоол хүнсний аюулгүй байдал шим тэжээлд анхаарах, 22:00 цагаас өмнө унтуулж дархлааг нь дэмжих, олон нийтийн газар дагуулж явахгүй байх хэрэгтэй.  

-Өрхүүдийн амьжиргаа бас л хүндхэн байна. Хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлээ жилээр нь авч өгөх нь хэр оновчтой вэ. Дахиад урт хугацааны хөл хорио тогтоохгүй гэх баталгаа байхгүй шүү дээ? 

-Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хүүхдийн эцэг эх асран хамгаалагч тухайн хүүхдийн хичээлийн жилд хэрэглэх хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгслийг бэлтгэж өгөх үүрэгтэй байдаг.

Энэ хичээлийн жилийн хувьд бид улирлаар нь хичээлийн болон ариун цэврийн хэрэгслийг бэлдүүлэхээр чиглэл гаргаж байна.

Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн нэг улиралд шаардагдах зүйлсийн жагсаалтыг гаргана. Тэр жагсаалтын дагуу хүүхдийнхээ ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэлийг бэлдээрэй. Мөн өдрийн ихэнх цагийг цэцэрлэг дээрээ хүүхэд өнгөрөөдөг учраас хувцас нь биед эвтэйхэн, шаахай нь чийг татахгүй байх зэрэгт анхаарахыг эцэг эхэд зөвлөж байна.

-Өнгөрсөн жил маш олон цэцэрлэг шинээр ашиглалтад орж, цэцэрлэгийн орны тоо 10 гаруй мянгаар нэмэгдсэн санагдаж байна. Энэ жил цэцэрлэг хэр нэмэгдсэн бэ? 

-Сургуулийн өмнөх боловсрол, ялангуяа цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд сүүлийн жилүүдэд Засгийн газар ихээхэн хүчин чармайлт гаргасныг иргэд мэдэж байгаа. Энэ жил ч цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд сайн хийгдлээ.

2020 онд 55 цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад орохын 34 нь есдүгээр сарын 1-ээс өмнө ашиглалтад орно гэсэн тооцоотой байна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо тэр хэрээр нэмэгдэх учиртай.

Нэг бүлэгт хамрагдах хүүхдийн тоонд тогтоосон хязгаараас үүдэн Улаанбаатар хотын зарим бүлэг дүүргэлт өндөртэй цэцэрлэгийн хүүхдийг төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон зайд хүлээж авах,  шаардлагатай гэж үзвэл түрээсийн байранд хүлээж авахаар нарийвчилсан судалгаа хийж байна.

x