Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д бүтээсэн дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакциныг Путиний охин хийлгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагийн орой ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсад бүтээсэн дэлхийн анхны коронавирусийн эсрэг вакцин бэлэн болж, албан ёсоор бүртгүүлснийг зарласан юм.

Вакциныг “Спутник V” гэж нэрлэсэн нь Зөвлөлтийн үед дэлхийн анхны хиймэл дагуулыг хөөргөж байсан үйл явдалтай зүйрлэсэн хэрэг байв.

Барууны эрдэмтэд Оросын вакциныг эрх баригчдынхаа шахалтаар богино хугацаанд гаргахын тулд зарим туршилтын шатыг алгассан байж болзошгүй гэж шүүмжилж байна.

Дэлхийн Эрүүл Мэндий Байгууллага аль ч улсад бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин нь аюулгүй байдлыг дээд зэргээр баталгаажуулсан байх ёстойг анхааруулсан юм.

“Бид Оросын эрүүл мэндийн салбарын удирдлагуудтай тэдний бүтээсэн вакцинд ДЭМБ-аас гэрчилгээ олгох боломжийн талаар ярилцаж байна” гэж ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Ясаревич өчигдөр Женевт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр засгийн газрын хуралдааныхаа үеэр “Өнөөдөр өглөө дэлхийд анх удаа коронавирусийн эсрэг вакциныг бид бүртгэлээ. Энэ вакцин маш үр дүнтэй, дархлаа сайн тогтоодгийг би мэдэж байгаа” гэж мэдэгдсэн юм.

Москвагийн Гамалейн нэрэмжит хүрээлэнд бүтээсэн уг вакциныг нэг охин нь хийлгэсэн тухай Путин бас ярьжээ.

Хоёр дахь тунг хийлгэсний дараа охиных нь бие бага зэрэг халуурснаас өөр сөрөг нөлөө үзүүлээгүйг тэр нотолсон юм.

 Вакциныг бүтээх ажлыг санхүүжүүлсэн Оросын төрийн шууд хөрөнгө оруулалтын сангийн захирал Кирилл Дмитриев бөөнөөр үйлдвэрлэх ажил есдүгээр сард эхлэхийг мэдэгджээ.

Одоогийн байдлаар Латин Америк, Ойрх Дорнод, Азийн 20 улс нийтдээ нэг тэрбум гаруй тун вакцин захиалаад байгааг тэр бас хэлсэн юм. Цаашдаа жил бүр 500 сая вакцин үйлдвэрлэх боломжтой гэнэ.

Дмитриев вакцин нь найдваргүй, сайн туршигдаагүй гэсэн мэдээллийг “Оросын нэр хүндийг унагах зорилготой өрнөдийн орнуудын зохион байгуулсан ажиллагаа” гэж нэрлэжээ.

“Энэ түүхэн үйл явдлыг бид улс төржүүлэх шаардлагагүй. Бид хэнийг ч албадаагүй” гэж Дмитриев хэлсэн байна.

Өчигдөр Филиппин улсын засгийн газар Оросоос вакцин авах талаар хамтран ажиллахаа мэдэгджээ. Даваа гарагт тус улсын ерөнхийлөгч Родриго Дутерте олны өмнө үг хэлэхдээ “Манай улсад вакцин ирвэл хамгийн түрүүнд би өөртөө хийлгэнэ. Хэрвээ надад асуудал гарахгүй бол бүх хүнд асуудалгүй гэсэн үг” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP