Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс: АНУ-д хийгдэж байгаа оношилгоо ямар ч үр дүнгүй зүйл болж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Майкрософт компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гэйтс өнгөрсөн Баасан гарагт WIRED сэтгүүлд өгсөн ярилцлагадаа АНУ-д гүйцэтгэж байгаа коронавирусийн оношилгоо шинжилгээний ажлыг ямар ч үр дүнгүй зүйл гэж ярьжээ.

Учир нь шинжилгээний үр дүн их удаж байж гардаг нь үүний гол шалтгаан гэнэ. “Энэ бол ердөө тэнэглэл. АНУ-д хийгдсэн ихэнх оношилгоо ямар ч үр дүнгүй, хог болж байна” гэж тэр ярьсан юм.

Үүнийг шийдвэрлэх гол арга зам нь шинжилгээг гүйцэтгэж буй эрүүл мэндийн байгууллагуудад өгдөг мөнгөө засгийн газар хэр богино хугацаанд оношилсноос нь хамаарч олгох юм гэж Гэйтс ярьжээ.

Одоо АНУ-ын засаг захиргаа эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэсэн оношилгооны тоогоор нь мөнгө төлөх замаар ажилладаг.

“Хэрвээ засгийн газарт оношилгооны хариу гарах хугацаа хамаагүй бол хэн ч хурдтай ажиллахыг хүсэхгүй. Харин 24 цагийн дотор гаргавал төлдөг мөнгөө нэмэгдүүлж, 48 цагийн дотор гаргавал хэвийн хэмжээгээр төлж, үүнээс удаавал төлдөггүй болох хэрэгтэй. Ингэвэл нэг хоногийн дотор л асуудал шийдэгдэнэ” гэж Гэйтс шийдлээ тайлбарласан байна.

Билл Гэйтс олон жилийн өмнөөс АНУ-ыг ямар нэг өргөн хүрээний тахал өвчин гарахад бэлтгэлгүй байгааг анхааруулж байсан юм.

Түүний байгуулсан Bill and Melinda Gates Foundation сан коронавирусийн тахал дэгдсэн цагаас хойш оношлуур болон вакцин бүтээх үйлсэд их хэмжээний хөрөнгө оруулаад байгаа.

Тэр бас өөрөө коронавирусийг санаатай тараасан гэх хуйвалдааны онол, цуурхлын нэг эзэн болсон юм.

 

Эх сурвалж: Business Insider