Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/10-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улсад цар тахал эхэлсэн цагаас хойш хамгийн олон хүн нэг өдрийн дотор нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Австралийн эрх баригчид өчигдөр тус улсад сүүлийн 24 цагийн дотор 17 хүн коронавирусийн халдвараар нас барсныг зарласан нь цар тахал эхэлсэн цагаас хойшх хамгийн олон хүний амь гарзадсан өдөр болжээ.

Эдгээр тохиолдлууд бүгд тахлын хоёр дахь давалгааны төв болоод байгаа Викториа мужид бүртгэгдсэн байна.

Нийтдээ тус мужид Covid-19 өвчний хүндрэлээр 210 хүн нас баржээ.

Австрали улс цар тахлын эхний давалгааг харьцангуй амжилттай давсан орнуудын нэгд тооцогддог байв. Гэвч долдугаар сарын эхээр хүн амын тоогоор хоёрт бичигддэг Викториа мужид тахлын шинэ голомт илэрч, тус мужийг Австралийн бусад хэсгээс тусгаарлаад байна.

Викториа мужийн төв, Австралийн хоёр дахь том хот Мельбурнд тогтоосон хорио цээрийн дэглэм нь Хятадын Уханьд тогтоож байсан хатуу чанга дэглэмтэй нэг түвшинд байгаа юм.

Өчигдөр Викториа мужид халдварын 174 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь Бямба гарагийн 130 тохиолдлоос огцом өссөн үзүүлэлт болжээ. Нийт халдварын тохиолдол нь 2,758 хүрсэн байна.

Харин Австрали улсаас Тасманийн тэнгисээр тусгаарлагддаг Шинэ Зеланд улс өчигдөр дотооддоо халдвар илрүүлээгүй 100 дахь өдрийг тэмдэглэжээ.

5 сая орчим хүн амтай тус улсад өнөөдрийг хүртэл 1,500 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас бараад байгаа юм.

 

Эх сурвалж: AFP