Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 5 саяд хүрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт АНУ-д коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 5 саяд хүрсэн тухай Ройтерс агентлаг өөрийн тооцоололд тулгуурлан мэдээлжээ.

Энэ нь тус улсын 66 иргэн тутмын нэг нь халдвар авсан гэсэн үг бөгөөд дэлхийн бүх улс орнуудаас хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Үүнээс гадна Covid-19 өвчний улмаас АНУ-д 162,000 гаруй хүн нас барсан нь дэлхий дахины нийт хохирлын бараг дөрөвний нэг болж байгаа юм.

Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл тус улсад үргэлжилж байна. Баасан гарагт Цагаан ордон, Конгресс хоёр улс орныхоо эдийн засгийг дэмжих ээлжит хөтөлбөрийн төсөл дээр нэгдсэн тохиролцоонд хүрч чадалгүй салсан юм.

Тухайн өдөр АНУ-ын хөдөлмөрийн яам долдугаар сарын ажил эрхлэлтийн тоо баримтыг зарлахад эдийн засаг төсөөлж байснаас удаан сэргэх төлөв ажиглагдсан байна.

Тиймээс Трампын засаг захиргааны зүгээс эдийн засгийг тэтгэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай болжээ. 

Конгресстой зөвшилцөлд хүрч чадаагүй ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр өөрийн засгийн газрын эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авах захирамж гаргасан юм.

Эдийн засгийг цар тахлын өмнөх түвшинд хүргэхэд коронавирусийн эсрэг вакцинжуулалт чухал үүрэгтэй болоод байна. Лхагва гарагт АНУ-ын халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Энтони Фаучи “энэ оны сүүлээр ядаж нэг вакцины төсөл бэлэн болно” гэсэн хүлээлттэй байгаагаа хэвлэлд ярьжээ.

Харин маргааш нь ерөнхийлөгч Дональд Трамп радиод ярилцлага өгөхдөө “арваннэгдүгээр сарын сонгуулийн өмнө эхний вакцин бэлэн болох боломжтой” гэсэн илүү өөдрөг аястай мэдэгдэл хийсэн юм. 

 

Эх сурвалж: Reuters