Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Абэ Шинзогийн эрүүл мэнд муудсан гэх мэдээллийг Японы засгийн газар няцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Японы долоо хоног тутмын Flash сэтгүүл тус улсын ерөнхий сайд Абэ Шинзогийн эрүүл мэнд муудсан тухай баримтыг мэдээлсэн юм.

Долдугаар сарын 6-ны өдөр Абэ албан тасалгаандаа байхдаа цусаар бөөлжиж, дараа нь таван цагийн турш ямар ч үйл ажиллагаанд оролцоогүйг уг мэдээнд өгүүлжээ.

Өнөөдөр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр Японы засгийн газрын нарийн бичгийн дарга Суга Ёшихиде “Ерөнхий сайдын эрүүл мэндэд ямар ч асуудал байхгүй. Би түүнтэй өдөр бүр уулзаж байгаа. Тэр өдөр тутмын ажил үүрэгтээ бүх анхаарлаа хандуулж байна” гэж мэдэгджээ.

Одоо 65 настай Абэ Шинзо анх удаа ерөнхий сайдаар ажиллаад нэг жил болсныхоо дараа 2007 онд ходоод гэдэсний өвчний улмаас өөрийн хүсэлтээр огцорч байсан юм.

Тэр цагаас хойш түүний эрүүл мэндийн асуудал олон нийтийн анхаарлын төвд орсон байна. 2012 онд Абэ хоёр дахь удаагаа ерөнхий сайдаар томилогдохдоо шинэ эмийн тусламжтайгаар өвчнөө эдгээсэн тухай мэдэгдэж байжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр Япон улсын түүхэнд хамгийн удаан хугацаанд ажилласан ерөнхий сайд болсон юм.

Цар тахал эхлэхээс өмнө бараг орой бүр улс төрчид, бизнесмэнүүдтэй зоог барьдаг байсан Абэ сүүлийн үед оройн 6:00 цаг болмогц гэртээ харьдаг болсон нь анхаарал татаж байна.

Үүнээс гадна тэр сүүлийн сар гаруй хугацаанд ганц ч хэвлэлийн хурал болон парламентын чуулганд оролцоогүй нь сэжиг төрүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: Kyodo News