Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улсад халдварлах чадвар өндөртэй коронавирусийн хувилбар нэвтэрч, хоёр дахь давалгаа үүсгэснийг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсын эрх баригчид аялал жуулчлалын төв Да Нан хотод саяхан дэгдсэн коронавирусийн тархалтыг зогсоохоор тэмцэж байна.

“Бидний судалж тогтоосноор өмнөхөөсөө илүү өндөр халдварлах чадвартай вирусийн хувилбар Вьетнамд орж ирсэн байна. Мутацын үр дүнд чадвар нь улам нэмэгджээ” гэж тус улсын Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Нгуен Тан Лон өнгөрсөн Ням гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Вьетнамд орж ирсэн өмнөх вирусийн халдварлах чадвар 1.8-2.2 хүн байсан бол шинэ хувилбар нь дунджаар 5-6 хүнд халдварлаж байна” гэсэн юм.

Вьетнамын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төв, Пастюр Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын гүйцэтгэсэн генетикийн шинжилгээний үр дүн ингэж гарсан байна.

Ням гарагийг хүртэл сүүлийн 11 өдрийн дотор Вьетнамын Да Нан хотод 174 халдварын тохиолдол шинээр бүртгэгджээ. Тус хотод Covid-19 өвчтөнүүдийг хүлээж авах хоёр түр эмнэлэг шинээр нээсэн байна.

Хотыг ариутгах, халдваргүйжүүлэх ажилд армийн алба хаагчдыг дайчилжээ. Өмнөд Вьетнамын Хо Ши Мин хотод зургаан шинэ халдвар тээгч илэрсний дараа Ням гарагаас эхлэн хөл хорио тогтоож, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байна.

Нийслэл Ханой хотод Да Нан хотоос ирсэн 50,000 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч эхэлжээ. Долдугаар сарын 8-наас хойш нийслэлээс 72,000 гаруй хүн амрахаар Да Нан хот руу явсныг хотын захиргаа мэдээлсэн байна.

Зуны амралтыг тохиолдуулан өнгөрсөн сард Вьетнам даяар 1.4 сая гаруй хүн Да Нан хотыг зорьсон нь вирусийн дэгдэлтийг өргөжүүлэх эрсдэл үүсгэж байгаа юм.

95 сая хүн амтай Вьетнам улс нь долдугаар сарын 25-ныг хүртэл 100 хоногийн турш дотоодод дамжсан ганц ч халдваргүй, нийт 417 тохиолдолтой, ганц ч хүн нас бараагүй байжээ.

Тус улсыг цар тахалтай үлгэр жишээ тэмцсэн орнуудын нэг гэж үнэлж байв. Гэтэл долдугаар сарын 25-нд Да Нан хотод анхны халдварын тохиолдол бүртгэгдсэнээс хойш нийт халдварын тоо 672 болон нэмэгдэж, найман хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Nikkei