Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Virgin Galactic дууны хурднаас гурав дахин хурдан зорчигч тээврийн нисэх онгоц бүтээх төлөвлөгөөгөө зарлав

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Их Британийн сансрын аялал жуулчлалын компани Virgin Galactic дууны хурднаас гурав дахин хурдтай зорчигч тээврийн нисэх онгоц бүтээх болсноо Даваа гарагт зарлажээ.

Тэд хөдөлгүүр үйлдвэрлэгч Rolls-Royce компанитай хамтран уг онгоцыг зохион бүтээхээр болсон байна.

1976-2003 онд Атлантын далайн хоёр эргийг холбож байсан Concorde нисэх онгоц Mach 2 түвшний буюу дууны хурднаас хоёр дахин өндөр хурдтай нисдэг байв. Харин Concorde-ийг санагдуулам загвартай шинэ нисэх онгоц Mach 3 түвшний хурдтай байх юм.

Concorde нь дуу чимээ ихтэй, шатахуун зарцуулалт хэт өндөр зэрэг шалтгаануудын улмаас нислэгээ үргэлжлүүлж чадалгүй дампуурч байжээ. Харин шинэ нисэх онгоц дээрх асуудлуудыг шийдвэрлэх ёстой болж байна.

Гурвалжин хэлбэртэй шинэ нисэх онгоц нь 9-19 зорчигчийг 18,000 метрээс өндөр агаарын замаар буюу энгийн нисэх онгоцноос ойролцоогоор хоёр дахин өндөр замаар тээвэрлэх гэнэ.

Одоо ашиглагдаж байгаа нисэх онгоцны буудлуудын хөөрөх, газардах зурвасыг ашигладаг байхаар төлөвлөжээ.

Их Британийн тэрбумтан, сэр Ричард Брэнсоны байгуулсан Virgin Galactic компани нь нисэх онгоц, сансрын пуужин хоёрын дундын ангилалд багтах хөлөг бүтээж, хүмүүсийг агаар мандлын дээд заагаар аялуулах үндсэн зорилготой юм.

 

Эх сурвалж: AFP