Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхцэцэг: Хууль тэгш үйлчлэхгүй байгаагаас би дөрвөн настай охинтойгоо гудамжинд гарахдаа тулаад байна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

"Финансхолдинг" ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэг махны экспорт болон энэ салбарт бизнес эрхлэгчдэд хууль, журам тэгш үйлчилдэггүй, төрийн байгууллагуудад ажиллаж  буй албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн, аж ахуйн нэгжийг хохироож буй талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр Төрийн ордны гадна олон нийт болон төрийн өндөрлөгүүдэд хандан Монгол Улсын хууль иргэдэд тэгш үйлчлэх ёстойг сануулсан юм. 

Иргэн Б.Энхцэцэг “Би бол жижиг дунд бизнес эрхлэгч. Манай компани 2008 оноос малын гаралтай түүхий эдийн бизнес, гадаад худалдаа эрхэлсэн. 2016 оноос мах худалдан авч, экспортлогч аж ахуйн нэгжүүдээр дамжуулан гадаад худалдаа эрхэлсээр ирсэн. Гэтэл 2019 оноос надад квот олдохоо больсон. Квотгүй учраас манай бэлдсэн махыг хятад руу гаргахаа больсон. Бэлтгэсэн махаа урагш нь гаргахаар бүх шатны төрийн байгууллагаар яваад шийдүүлж чадаагүй. 

Манай бэлтгэсэн махыг хятад руу гаргахгүй байгаа шалтгаанаа экспортлох эрхгүй үйлдвэрт бэлтгэсэн гэж тайлбарладаг. 

Гэтэл Монгол Улсаас мах экспортлож эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэлх хугацаанд экспортлогч аж ахуйн нэгж бүгдээрээ экспортлох эрхгүй үйлдвэрт махаа бэлтгэсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, хятадуудын бэлтгэсэн махыг экспортлогч аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэр дээрээ гаргасаар байна. 

Монгол Улсын иргэн надад хууль үйлчлээд бэлтгэсэн махыг минь гаргахгүй хэр нь, гадны иргэдэд хууль огт үйлчлэхгүй байгаад гомдолтой байна. Дүрэм, журам зөрчөөд байгаа гадны иргэн, экспортлогч компаниудад хэн хариуцлага тооцох вэ. Тэднийг дэмжээд байгаа мэргэжлийн хяналт болон, бусад төрийн байгууллагынханд хэн хариуцлага тооцох вэ гэдэгт төрийн өндөрлөгүүдээс хариулт авмаар байна. 

Экспортлох эрхгүй үйлдвэрт мах бэлтгэж байгааг Хүнд, хөдөө аж ахуйн яам, мэргэжлийн хяналтын байгууллага мэдсээр байж тоохгүй, харин ч бүр дунд нь ороод тэдэнд махаа хятад руу гаргах гарцыг нь зааж өгч байна. 

Монгол Улсаас мах экспортлох квотыг ХХААЯ-наас олгодог. Тэр квотыг бүгдийг нь гадны иргэд худалдаж авдаг. Би энэ төрлийн бизнес эрхэлдэг, тогоон дотроо байгаа хүн учраас сайн мэдээд байгаа юм. Мах экспортлох квот авсан монгол компани тэр квотоо цааш нь хятадуудад худалддаг. 

Би 2,000 гаруй тонн мах бэлтгэсэн. 400 саяар үйлдвэр түрээслэдэг. Дээр нь олон зоорины цахилгааны төлбөрт маш их мөнгө төлдөг. Би дөрвөн настай охинтойгоо гудамжинд гарахдаа тулаад байна. Маш их өртэй, надад үнэхээр хэцүү байна. Би эцсээ хүртэл туйлдаад аргаа барахдаа энд ирж хэвлэлийнхэн та бүхэнд хандаж байна" гэлээ.