Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

NASA дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт анх удаа нисдэг тэрэг хөөргөнө

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Маргааш буюу Пүрэв гарагт АНУ-ын сансар судлалын агентлаг NASA цоо шинэ Perseverance судалгааны станцаа Ангараг гараг руу илгээх гэж байна.

Энэ нь Ангараг гарагт газардсан NASA-гийн хамгийн том, хамгийн ухаалаг станц болох юм. Энэ зун Ангараг гараг руу гурван хөлөг нисэж байгаа. Хэдхэн хоногийн өмнө Арабын Нэгдсэн Эмиратын Hope, Хятадын Тянвэн-1 хөлгүүд дэлхийгээс хөөрсөн юм.

NASA-гийн хөлөг бусад хөлгүүдийн нэгэн адил 480 сая километр замыг долоон сарын хугацаанд туулж, ирэх оны хоёрдугаар сард Ангарагт хүрнэ. 

Зургаан дугуйтай, SUV автомашины хэмжээтэй, 1,040 кг жинтэй Perseverance бол NASA-гийн Ангарагт илгээсэн тав дахь өөрөө явагч станц бөгөөд хамгийн өндөр технологитой нь. Тиймээс өртөг нь $3 тэрбум орчим болжээ.

Уг станц Ангараг гарагийн Жезеро тогоонд газардах юм. Хад чулуу, овон товон ихтэй энэ газар нь станц буулгахад хамгийн эрсдэлтэйд тооцогддог.

Perseverance станц нь Ingenuity нэртэй жижиг нисдэг тэрэг тээвэрлэж яваа юм. Энэ нь анх удаа харь гарагийн тэнгэрт нисдэг тэрэг хөөргөх оролдлого ажээ.

Үүнээс гадна хөрсний дээж цуглуулах робот гар, Ангарагийн чичиргээ, доргилтыг хэмжих микрофонууд, зураг авах олон тооны камераар тоноглогдсон байна.

Өөр нэг чухал багаж нь Ангарагийн агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислээс хүчилтөрөгч гаргаж авах төхөөрөмж юм.

Үүний үр дүнд ирээдүйд сансрын нисгэгчид амьсгалах агаартай болж, пуужингууд Ангарагийн гадаргаас хөөрөх боломж нээгдэх ажээ.

Perseverance станцын нэг гол зорилго нь Ангарагийн хөрснөөс амьд организмийн ул мөрийг хайх юм. Өнөөдрийн хүйтэн, хуурай Ангараг гараг хэдэн тэрбум жилийн өмнө дулаан чийглэг орчинтой байсан гэж судлаачид үздэг.

 

Эх сурвалж: AFP