Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс гадаадын Covid-19 өвчтөнүүдээр эмчилгээний зардлыг нь төлүүлдэг болох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар Ням гарагт хуралдахдаа коронавирусийн халдвараар өвчилсөн гадаадын иргэдээр эмчилгээний зардлыг нь төлүүлдэг болгохоор санал нэгджээ.

Сүүлийн үед тус улсад импортлогдсон буюу гадаад орнуудаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдол нэмэгдэж байгаагаас журмандаа ийм өөрчлөлт оруулахаар болсон байна.

Одоогийн журмаар тус улсад илэрсэн халдварын тохиолдлуудыг гадаад, дотоод ялгалгүйгээр эмчилж, зардлыг нь засгийн газар даадаг юм.

Эхэндээ Өмнөд Солонгосын засгийн газар зөвхөн тусгаарлалтын журмыг зөрчсөн гадаадын иргэдээр эмчилгээний зардлыг төлүүлдэг болох санааг гаргаж байв. Харин хэлэлцүүлгийн явцад Өмнөд Солонгост ирэхээсээ өмнө халдвар авснаа мэдэж байсан болон 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд халдвартай нь оношлогдсон гадаадын иргэдээс эмчилгээний төлбөрийг авахаар болжээ.

Гэхдээ энэ журмаа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид өөрчилж байх юм. Өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар бас гадаадад байгаа өөрийн иргэдийн эмчилгээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх саналыг журамд нэмж тусгахаар болсон байна.

Өнгөрсөн Бямба гарагт Өмнөд Солонгост халдварын 113 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь бараг сүүлийн дөрвөн сарын хугацааны хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.

Тэдгээрийн 34 нь Бусан хотын боомтод ирсэн Оросын загас агнуурын хөлөг дээрээс илэрсэн байна. Ням гарагт тус хөлгийн хоёр гишүүнээс нэмж халдвар илэрчээ.

Ням гарагт тус улсад 58 шинэ тохиолдол нэмэгдсэнээр, нийт халдварын батлагдсан тохиолдол 14,150 болсон байна.

 

Эх сурвалж: Yonhap News