Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Солонгос хүнийг үнэгүй эмчилж байгаа орны иргэнийг БНСУ мөн төлбөргүй эмчлэхээ мэдэгдсэн

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн тархалт дэлхий дахинд ямар байгаа талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэв.

Өнгөрсөн 24 цагт дэлхий дахинд 284 мянга гаруй шинэ халдвар, 6,000 гаруй нас баралт бүртгэгдлээ. 

Шинээр бүртгэгдсэн халдварын дийлэнх нь АНУ,  Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад батлагдсан тохиолдлууд эзэлж байна. 

Умард Солонгос 

Харин өчигдөр шинээр БНАСАУ-д анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвартай нь батлагдсан хүний тухай мэдээлэхдээ хоёр Солонгосын дундах, аж үйлдвэрийн цогцолбор хот болох Кэсон хотоор дамжиж долдугаар сарын 19-ний өдөр Умард Солонгост хууль бусаар нэвтэрсэн хүн аж. Уг этгээдийг гурван жилийн өмнө Өмнөд рүү оргон зайлсан гэж мэдээлсэн байна.  

Батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг тогтоож, карантинд оруулжээ. 

АНУ

Өчигдөр АНУ-д 74,800 гаруй шинэ тохиолдол, 1,145 нас баралт шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4 сая 99 мянга гаруй болсноос 145 мянган хүн эндээд байна.

Бразил

Бразил улсад өчигдөр 51,100 гаруй шинэ тохиолдол, 1,211 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсад нийт өвчилсөн хүний тоо 2,394,000 гаруй болсноос 1.6 сая хүн эдгэрсэн бол 86,400 гаруй нь эндсэн. 

Энэтхэг

БНЭУ-д өчигдөр 48,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 1,336,000 гаруй болсон байна. 

ОХУ

Өнгөрсөн 24 цагт 5,871 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 806,700 гаруй болов. 

Япон

Тус улсад өчигдөр 804 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Тэдний 379 нь Канто бүсэд бүртгэгдсэнээс 
295 нь нийслэл Токио хотод байна. Харин үлдсэн 172 тохиолдлын 132 нь Осака хотод бүртгэгджээ. 

Нийслэл Токио хотод бүртгэгдсэн тохиолдлуудын 60 орчим хувь нь 20-30 насныхан бөгөөд Шинжүкү дүүргийн шөнийн клубүүдтэй тархвар зүйн хувьд холбоотой байна. 

Сүүлийн өдрүүдэд халдвар 40-50 насны хүн амын дунд нэмэгдэж байгаа талаар мэдээлжээ. 

Япон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас "3С-ээс зайлсхийх стратеги" хүн амдаа хэвшүүлэх талаар олон сарын турш ярьж байна. Энэхүү стратеги нь

  1. Агаарын солилцоогүй, битүү орчинд очихоос зайлсхийх
  2. Хүн олноор цуглардаг орчинд очихоос татгалзах 
  3. Хүнтэй ойрын зайнаас харилцахгүй байх

гэсэн энгийн боловч халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй, хүн бүрийн хийж чадах зөвлөмжүүд байна.

БНСУ

БНСУ-д өчигдөр 58 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 46 нь гаднаас зөөвөрлөгдсөн. Гаднаас зөөвөрлөгдөх халдвар нэмэгдэхийн хирээр гадаадын иргэдийг үнэгүй эмчилж байгаа бодлогоо эргэн харна гэдгээ ЭМ-ийн сайд нь мэдэгдэв. Ингэхдээ  хилийн чанадад өвчилсөн БНСУ-ын иргэнд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байгаа улсын иргэнд харилцан төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэх ба тус улсын иргэдэд төлбөртэй эмчилгээ хийж байгаа улсын иргэдэд мөн ижил байдлаар хандахаа урьдчилан мэдээллээ.

БНХАУ

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр тус улсын эх газарт өчигдөр 46 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 11 нь гаднаас зөөвөрлөгджээ. Дотоодын 35 халдварын 22 нь Шинжан Уйгур, 13 Далянь хотод бүртгэгдсэн байна.

Даляньд батлагдсан 13 тохиолдлын 12 нь өмнөх өдрүүдэд шинж тэмдэггүй халдвар гэж бүртгэгдэн, эмнэлгийн ажиглалтад байсан хүмүүс аж. Энэхүү 12 тохиолдол нь далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн ажилчид байсан бөгөөд уг үйлдвэрийг хааж, карантинд аван халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийж байна.

Хонг Конг

Хонг Конгт өчигдөр 133 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 126 нь дотоодын халдвар байжээ. Ингээд нийт халдварын тоо 2,505 болсноос 18 хүн эндсэн байна. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.