Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: Дэлхийн 55 орноос 11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсад хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэн цагаас хойш дэлхийн 44 орноос 67,290 иргэнээ татан авсан тухай УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байв.

Үүнийг иргэд худал мэдээлэл хэмээн олон нийтийн сүлжээнд ихээр ярьсан тул ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр тайлбар өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр агаарын болон авто замын боомтыг шат дараатайгаар хааж эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын 12-ноос бүрэн хаасан. 

Тодруулбал, нэгдүгээр сарын дунд үеэс Монгол Улсын иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс урьдчилан сэргийлэхээр гадаад улсаас ирж буй хүмүүсийг нэвтрүүлэх тодорхой дүрмийг мөрдөж эхэлснээс хойш улсын хилээр орж ирсэн хүний тоо 67,000 гаруй болсон.

Харин нэгдүгээр сарын сарын 28-наас хойш 14,371 иргэнийг автозам болон агаарын замаар татан аваад байгаа" гэлээ. 

"11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ өгөөд байна"

Гадаад улсаас иргэдээ татан авахаар долдугаар сард 11 нислэг хийхээр төлөвлөж байсан бол тусгаарлах байрны нөөц боломжийг нэмэгдүүлснээр нийт 14 нислэгээр 2,445 иргэнээ татан авахаар ажил үргэлжилж байна.

Одоогоор 55 улсаас 11,951 иргэн нутаг буцах хүсэлтээ гаргасан талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ.  

Тэрбээр "Гуравдугаар сараас Элчин сайдын яамд нутаг буцах хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч эхэлсэн. Энэ үед 3,000 гаруй иргэн өргөдлөө өгсөн байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 11,951 болсон. Харин татан авсан иргэний тоо 14,000 гарсан. 

Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь БНСУ-д бий.

Хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг агуулгаар нь авч үзвэл 11,951 хүний 5,497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна.

Татан авах ажиллагааг зохион байгуулж эхэлсэн үеэс УОК-оос тавьсан шалгуурыг баримталж, хүмүүсээ татан авсан тул энэ хүмүүсийн тоо эрс буурсан. Өөрийгөө таван шаардлагыг хангахгүй гэж үзэн хүлээцтэй байсан иргэд маань саяхнаас өргөдлөө гаргаж эхэлсэн" гэв. 

Мөн энэ үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ажлаа хүлээн авснаасаа хойш гадаад дахь Элчин сайдын яамдад тодорхой чиглэл өгсөн буюу татан авах хүртэл хугацаанд тухайн иргэнд тулгарсан асуудал, хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах, иргэн бүрийн өргөдөл хүсэлтэд хариу өгч байхыг үүрэг болгосон гэдгийг тэрбээр дурдлаа.

Түүнчлэн татан авах ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг ил болгох чиглэл өгснөөр тухайн иргэний овог нэр, өргөдөл өгсөн огнооны дарааллаар нийтэд ил болгож эхэлжээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн өргөдөлд үндэслэн наймдугаар сард хийгдэх нислэгүүдийн хуваарийг төлөвлөсөн. Удахгүй болох Улсын Онцгой комиссын хурлаар эцэслэн шийдвэрлэнэ" гэв.