Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Он гарсаар нийслэлийн хэмжээнд 22 хүн усны ослоор эндсэний 7 нь бага насны хүүхэд"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Байгаль орчны газраас хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ жил хур бороо болон гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас илүү байгаа гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллийн эхэнд онцлов.

Тэрбээр "Он гарсаар нийслэлийн хэмжээнд 22 хүн усны ослоор эндсэний 7 нь бага насны хүүхэд байв.

Одоогоор Туул, Хэрлэн голын усны түвшин 10-20 сантиметрээр нэмэгдсэн байна.

НОБГ, Цагдаагийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Тэрэлж, Туул, Хэрлэн гол дагуу завьт эргүүл явуулж байгаа ч усанд осолдох, авто машинтайгаа усанд олноороо суух асуудал гарсаар байна.

Тухайлбал,

  • Өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс орчимд Туул голын усанд 25 настай эрэгтэй живсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиж, усанд осолдсон гэх газраас урсгал дагуу нэг километрийн зайд нас барсан байсныг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
  • Долдугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн Энгэр шандын задгайд эцэг эхтэйгээ амарч байсан 11 настай хүүхэд Туул голын усанд живсэн гэх дуудлагын дагуу ес дэх хоногтоо эрэн хайх ажиллагааг явуулж байна.

 25 настай эрэгтэйн хувьд, аялж зугаалж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.

Иймд иргэд аялж, зугаалахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа чангатгах шаардлагатай” гэв.