Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Талибаны хоёр дайчныг устгасан Афган охин үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгдөж байна

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Гор мужийн нэгэн тосгонд Талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд довтолжээ.

Энэ үеэр засгийн газрыг дэмждэг тосгоны ахлагчийг гэргийнх нь хамт цаазалсан байна. 

Харин ахлагчийн 15 настай охин AK-47 буугаар хариу гал нээхдээ хоёр этгээдийг устгаж, хэд хэдэн дээрэмчнийг шархдуулжээ.

Дараа нь Талибанчууд хүчээ нэмж, дахин тосгон руу довтлоход иргэд, засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэг хамтын хүчээр тэдний халдлагыг няцааж чадсан байна.

Энэ явдлын дараа өшөө авагч охины AK-47 буутай гэрэл зураг Афганистаны сошиал ертөнцөд тарж, үндэсний баатрын хэмжээнд өргөмжлөгджээ.

Афганы эрх баригчид охиныг эрэгтэй дүүгийнх нь хамт хамгаалалтад авч, аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Харин Талибан хөдөлгөөний удирдлага өөрийнх нь хүмүүс тосгонд довтолсон гэх мэдээллийг няцааж, энэ мэдээг Афганистаны засгийн газрын суртал нэвтрүүлэг гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Үйл явдал болсон Гор муж нь Афганистаны баруун бүсэд оршдог, хөгжил сул дорой нутаг юм. Энд эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэргийн гаралт өндөр байдаг.

Исламын шашны тулгуур үзэлт Талибан хөдөлгөөн энэ оны хоёрдугаар сард АНУ-ын засгийн газартай энхийн гэрээ байгуулсан ч үр дүн муутай байна.

Гэрээ байгуулснаас хойш талууд зарим асуудлаар санал зөрөлдөж, Талибанчуудын халдлага довтолгоо нэмэгдсэн юм.

 

Эх сурвалж: BBC