Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс өнгөний үзлийн эсрэг жагсагчид руу буу чиглүүлсэн хос шийтгүүлэхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын Миссури мужийн Сэнт Луйз хотод арьс өнгөний үзлийн эсрэг тайван жагсаал болох үеэр нэгэн цагаан арьст хос жагсагчид руу буу чиглүүлж буй дүрс сошиал сүлжээнд тарсан билээ.

Эдгээр хүмүүс нь Марк Макклоски болон түүний эхнэр Патришиа нар байсан юм. Өмгөөлөгч мэргэжилтэй тэд өөрсдийн $1.15 саяын үнэтэй харшийг болзошгүй халдлагаас хамгаалсан, хувийн эзэмшлийн гудамжинд зөвшөөрөлгүй нэвтэрснийг нь анхааруулсан гэж тайлбарлаж байгаа.

Тэгвэл Сэнт Луйз хотын прокурор Ким Гарднер дээрх хоёр хүнийг тайван жагсаалыг хүчирхийлэл болгон хувиргах аюултай үйлдэл гаргасан гэж дүгнээд ял төлөвлөжээ.

Тэднийг дөрөвдүгээр зэргийн халдлага үйлдсэн хэрэгт яллахаар болсон байна. Хосын өмгөөлөгч Жоэл Шварц прокурорын шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.

Гэхдээ Гарднер гэр бүлийн хоёрыг шоронд хорилгүй, нийгэмд тустай ажил хийлгэх аргаар шийтгэх төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан байна.

Энэ шийдвэр нь АНУ-ын улс төрчдийн дунд маргааны сэдэв болжээ.

Ардчилсан намын африк гаралтай улс төрчид Гарднерын шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээсэн байна. Харин Бүгд Найрамдахчууд прокурорын шийдвэрт харамсаж байгаагаа мэдэгдсэн юм.

Ерөнхийлөгч Дональд Трамп, Миссури мужийн захирагч Майк Парсон нар Гарднерыг олон нийтийн анхаарлыг цар тахлын гамшгаас холдуулахын тулд ийм шийдвэр гаргалаа гэж шүүмжилцгээжээ.

Зургаадугаар сарын 28-ны өдөр хэдэн зуун тэмцэгчид цагдаагийн байгууллагад шинэчлэлт хийхийг уриалж, Сэнт Луйз хотын захирагч Лида Крюсоны гэрийн зүг жагссан юм.

Энэ үеэрээ тэд Макклоскийн гэрийн гадуур жагсаж өнгөрчээ. Тухайн үед гэрийн эзэн хагас автомат буу жагсагчид руу чиглүүлж, холдохыг шаардан хашхирч байсан бол эхнэр нь гар буу чиглүүлээд байжээ.

 

Эх сурвалж: Associated Press