Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн ерөнхийлөгчийн эрүүл мэнд муудсан гэх мэдээллийг няцаажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт хэд хэдэн Телеграм суваг Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкогийн бие, эрүүл мэнд муудсан тухай мэдээлсэн юм.

Баасан гарагийн орой Лукашенкогийн цусны даралт нэмэгдэж, ухаан алдсанаар эмнэлэгт хүргэгдсэн гэсэн яриа тарсан байна.

Тэрбээр бие муудахаасаа өмнө Минск хотод Евразийн Засгийн Газар Хоорондын зөвлөлийн уулзалтад оролцсон ОХУ-ын ерөнхий сайд Михайл Мишустинтай уулзсан юм байна.

Беларусийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Наталья Эйсмонт өчигдөр “Эхо Москвы” радио станцад ярихдаа дээрх мэдээллийг няцаажээ.

“Ийм мэдээлэлд итгээд хэрэггүй. Манай ерөнхийлөгчийн эрүүл мэндэд санаа тавьсан хүмүүст баярлалаа. Та бүхэн өөрсдийнхөө биед бас санаа тавиарай” гэж Эйсмонт ярьсан байна.

Гэхдээ тэр Лукашенкогийн бие ямар байгаа талаар мэдээлэл өгөөгүй юм.

65 настай Александр Лукашенко 1994 оноос хойш Беларусь улсын ерөнхийлөгчөөр тасралтгүй ажиллаж байгаа. Ирэх сард тус улсад ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох юм.

Лукашенко өөртэй нь өрсөлдөх сөрөг хүчний хоёр улс төрчийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, сүүлийн өдрүүдэд Беларусь даяар жагсаал цуглаан үргэлжилж байна.

 

Эх сурвалж: ТАСС