Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп 2020 оны сонгуульд ялагдвал үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Fox News Sunday” нэвтрүүлэгт оролцож, хөтлөгч Крис Уоллостой ярилцжээ.

Энэ үеэр 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн сэдэв хөндөгдсөн юм.

Цар тахлын улмаас АНУ-ын мужууд сонгуулийн саналыг шуудангаар авах арга руу шилжиж эхлээд байгааг Трамп шүүмжилж, ингэвэл сонгууль будилаантай болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Сонгуульд ялагдвал тэр ийм шалтгаанаар үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй нь эндээс харагдсан байна.

“Арваннэгдүгээр сарын сонгуультай холбоогүйгээр асуухад тэр ер нь сайн ялагдагч мөн үү?” гэж хөтлөгч асуухад Трамп “Би тийм ч сайн ялагдагч биш. Ер нь ялагдах дургүй. Тэгж олон ялагдаад ч байдаггүй” гэж хариулжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаална. Хэрвээ шуудангаар санал хураавал энэ сонгууль будилаантай болно” гэсэн юм.

2016 оны сонгуулийн өмнө хөтлөгч Крис Уоллос сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх эсэхийг нь асуухад Трамп “цаг нь болохоор хэлнэ” хэмээн тодорхой хариулт хэлэлгүй бултаж байв.

Энэ удаа Уоллос дөрвөн жилийн өмнө тавьж байсан асуултаа дахин тавихад Трамп “Би яг одоо тэгнэ ч гэхгүй, тэгэхгүй ч гэхгүй. Харж байж болно. Өмнө нь ч би бас ингэж байсан” гэжээ.

Харин Трампын ярилцлагын дараа түүний өрсөлдөгч Жо Байдены сонгуулийн штабын хэвлэлийн төлөөлөгч Эндрью Бэйтес “Америкийн ард түмэн сонгуулийн үр дүнг шийднэ. АНУ-ын засгийн газар Цагаан ордонд зөвшөөрөлгүй нэвтэрсэн хүнийг албадан гаргах хангалттай чадвартай” гэж мэдэгдсэн байна.

Сүүлийн үеийн судалгаануудын дүнгээс харахад Дональд Трамп өрсөлдөгч Жо Байденаас гол мужуудад төдийгүй орон даяар хоцорч байгаа нь харагдах болсон юм. Коронавирусийн цар тахалтай хийж буй тэмцэл, арьс өнгөний үзлийн талаар байр суурь зэрэг нь америкчуудын түүнд итгэх итгэлийг сулруулж байна гэж ажиглагчид дүгнэжээ.

 

Эх сурвалж: Business Insider