Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Иран улсад 25 сая хүн коронавирусийн халдвар авсныг ерөнхийлөгч нь мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Иран улсын ерөнхийлөгч Хассан Рухани тус улсад 25 сая орчим хүн коронавирусийн халдвар аваад байгааг сүүлийн үеийн судалгааны үр дүн дээр үндэслэн мэдээлжээ.

Хэдийгээр хүн амынх нь бараг дөрөвний нэг халдвар авсан хэдий ч сүргийн дархлаа тогтох болоогүй байгааг энэ үеэр хэлсэн байна.

Иран улс коронавирусийн тахалтай сүргийн дархлаа тогтоох замаар тэмцэх арга хайж байгааг төрийн өндөр албан тушаалтан анх удаа  цухуйлгасан нь энэ юм.

Тус улсад хоёрдугаар сарын дундуур анхны халдварын тохиолдол илэрч байсан бол өнөөдөр албан ёсоор 271,606 хүн халдвар авсныг баталж, 13,979 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2,166 тохиолдол нэмэгдэж, 188 хүн нас баржээ.

Рухани өчигдөр цар тахалтай тэмцэх хорооныхонтой уулзахдаа “Бидний тооцоолсноор өнөөдрийг хүртэл 25 сая иран хүн вирусийн халдвар авсан байна. Энэ тоо цаашдаа 30-35 саяд хүрэх боломжтой. Гэсэн хэдий ч манайд сүргийн дархлаа тогтох болоогүй байна. Тиймээс бид коронавирусийн тархалтыг таслан зогсоохын төлөө хүчээ нэгтгэж, үргэлжлүүлэн тэмцэхээс өөр арга алга” гэж ярьжээ.

Тэрбээр халдвар авсан 1,000 хүн тутмын 500-д нь ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгааг бас хэлсэн байна.

80 гаруй сая хүн амтай Иран улсад анх хоёрдугаар сард дэгдсэн тахал тавдугаар сард намжсан ч сүүлийн үед дахин эрчимжиж эхлээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP