Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн дархлаа хэдхэн сарын дараа устдаг байж болзошгүйг эрдэмтэд тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс дархлаагаа хэдхэн сарын дараа буцаан алддаг байж болзошгүйг харуулсан судалгааны тайлан өчигдөр буюу Даваа гарагт нийтлэгджээ.

Энэ чиглэлийн анхны судалгааг Их Британийн King’s College London-ий эрдэмтдийн тэргүүлсэн баг хийж гүйцэтгэсэн байна. Тэд 90 гаруй эдгэрсэн өвчтөний бие дэх эсрэг биетийн түвшнийг хэсэг хугацааны турш хэмжжээ.

Ингэхэд хамгийн хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүст хүртэл коронавирусийн эсрэг дархлаа ямар нэг хэмжээгээр тогтож байгааг илрүүлсэн байна.

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 60 хувьд маш хүчтэй дархлаа халдвар авсны дараах эхний хэдэн долоо хоногийн дотор тогтжээ.

Гэвч гурван сарын дараа нийт хүмүүсийн ердөө 16.7 хувь нь коронавирусийн халдварыг эсэргүүцэх өндөр чадвартай хэвээр үлдсэн байна.

Харин 90 хоногийн дараа нэлээд хэдэн хүний цусанд коронавирусийн эсрэг биет огт илрэхгүй болсон байжээ.

Халдвар аваад эдгэрсэн хүмүүст дархлаа тогтсон гэж найдах боломжгүй, тогтсон дархлаа нь хэдхэн сарын хугацаатай үйлчлилдэг байж болзошгүйг энэ үр дүн харуулж байна.

Бас улс орнуудын засгийн газрууд коронавирусийн дараагийн давалгаанд хэрхэн бэлдэх, вакцины судалгаа, бүтээх ажлыг хэрхэн санхүүжүүлэх тал дээр эргэж харах хэрэгтэй болсныг судлаачид анхааруулжээ.

“Үр дүнтэй вакцин бүтээхийн тулд коронавирусийн эсрэг дархлаа хэрхэн ажилладгийг нарийвчлан судлах хэрэгтэй нь эндээс харагдаж байна” гэж судалгаанд оролцсон Уорвикийн Их сургуулийн профессор Лоренс Юнг ярьж байна.

Мөн халдвар аваад эдгэрсэн хүмүүс санаа амарч болохгүй, амны хаалт зүүх, бусадтай зайнаас харилцах зэрэг дэглэмийг үргэлжлүүлэн сахих хэрэгтэйг зөвлөжээ.

 

Эх сурвалж: AFP