Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Хабаровск мужийн захирагч зохион байгуулалттай аллагын хэрэгт холбоотойг тогтоожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Алс дорнодын Хабаровск мужийн захирагч Сергей Фургал аллага зохион байгуулж байсныг батлах баримт илрүүлснээ Оросын Холбооны Мөрдөн Байцаах Товчоо өчигдөр зарлажээ.

Тус байгууллагын мэдэгдэлд өгүүлснээр Фургал нь 2004-2005 онуудад Хабаровск болон Амурын хязгаарт гэмт хэргийн бүлэгт захиалан бизнесмэнүүдийн амийг хөнөөлгөж байсныг тогтоосон байна.

Тухайн үед Фургал хоёр хүний амийг хөнөөлгөж, нэг хүний амийг бүрэлгэхийг завдсан нь мөрдлөгийн үр дүнд тодорхой болсон гэнэ.

Мөрдөн Байцаах Товчоо өнөөдөр буюу Баасан гарагт Фургалыг баривчлах хүсэлтийг Москва хотын шүүхэд гаргахаар болжээ.

Фургал нь өөр хэд хэдэн хүн амины хэрэгт холбоотой байж болзошгүй тул мөрдлөгийг цааш үргэлжлүүлэхээр болсон байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний хамтрагч дөрвөн хүнийг баривчилж байжээ.

Фургалтай бизнесийн өрсөлдөгч байсан Евгений Зоря 2004 онд Хабаровск хотод буудуулж амиа алдсан бол 2005 онд өөр нэг бизнесмэн Олег Булатов бусдын гарт алагдаж байсан юм.

Фургалыг Пүрэв гарагийн өглөө саатуулсан тухай Мөрдөн Байцаах Товчоо мэдээлжээ.

 

Эх сурвалж: TAСС