Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19 цар тахалтай зэрэгцэн улирлын чанартай байгалийн голомтот халдварууд гарч, ихсэх хандлагатай байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах манай улсад COVID-19 цар тахал тархах эрсдэлтэй зэрэгцэн байгалийн голомтод халдвар гарч, ихсэх хандлагатай байгааг анхаарууллаа.

ЗӨСҮТ-ийн Шуурхай хариу арга хэмжээний баг өнгөрсөн долоон хоногт үүргийн онгоцоор ирсэн 1,000 орчим хүний 1,500 гаруй гар тээш, 22,293 бараа, 15,990 карго ачаа, 30 гаруй тээврийн хэрэгсэл, зургаан агаарын хөлөгт эцсийн халдваргүйтгэл хийжээ.

Тэрбээр "Сүүлийн үед COVID-19-өөс гадна манай орны онцлогтой холбоотой улирлын чанартай байгалийн голомтот халдварууд гарч, ихсэх хандлагатай байна.

Тухайлбал, энэ долоо хоногт Зоонозын гаралтай өвчний сэжигтэй 22 дуудлагад бид үйлчилсэн. Үүнээс Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдол дээр мэргэжлийн баг газар дээр нь очин ажиллан, оношийг баталгаажуулсан. Одоогоор тухайн хоёр өвчтөний биеийн байдал сайжирч байна.

Манай улсад коронавирусийн халдвар тархах эрсдэл өндөр байгаа энэ үед иргэд анхаарлаа улам нэмэгдүүлэх шаардлагатай.

Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх гол арга нь хөл хорио тогтоох, зай барихаас гадна амны хаалт тогтмол зүүх маш чухал байдаг. Иймд, 

  • Хориотой ан хийхгүй байх,
  • Зэрлэг амьтны мах, түүхий эд эрхтнийг хэрэглэхгүй байх,
  • Бүүрэг, хачиг, шавьжид хазуулахаас сэргийлэх,
  • Өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрвэл утсаар эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна" гэсэн юм.

Мөн "Өнгөрсөн долоо хоногт ЗӨСҮТ-ийн лаборатори гурван газар ажиллаа. Тодруулбал, Замын-Үүдэд явуулын авто лаборатори ажиллаж, хилээр орж ирсэн 198 хүнээс сорьц цуглуулж шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Өнөөдөр дахин 150 иргэний сорьц цуглуулж, шинжилгээ хийхээр ажиллаж байна.

Түүнчлэн коронавирусийн голомтот бүс нутгаас ирж, тусгаарлан ажиглах байранд байгаа 234 иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өчигдөр Сөүлээс ирсэн 261 иргэний ачаа тээш тээврийн хэрэгсэл зэрэгт эцсийн халдваргүйтгэл хийсэн.

Энхсаран, Жаргалант сувилалд тусгаарлагдаж буй 56 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд мөн бүгд сөрөг гарсан" хэмээн товч мэдээлэл өгөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/278253280268804

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.