Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Коронавируст халдвараар өвчлөгсдийн 23 хувь нь шинж тэмдэггүй, хөнгөн балархай эмнэл зүйн явцтай байсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад батлагдсан COVID-19-ийн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нэгдүгээр сарын 8-наас хойш өнөөдрийг хүртэл 12,800 хүнд тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийсэн. Үүнд 34 удаагийн онгоцоор ирсэн хүмүүс болон газраар зургаан удаагийн татан авалт хийхэд ирсэн иргэд багтаж байгаа.

Ингээд нийт 227 батлагдсан тохиолдлыг илрүүлээд байгаагийн 195 буюу 86 хувийг эмчилж, эдгээгээд байна. Эдгэрсэн хүмүүсээс 54 нь сувилалд, гэрийн ажиглалтад 66 хүн байгаа бол ажиглалтын хугацаа дууссан 75 хүн байгаа. Хүмүүст давхардсан тоогоор 26 мянга гаруй шинжилгээ хийжээ.

Батлагдсан тохиолдлуудын 82 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн бол бусад тохиолдлууд 11 улсаас зөөвөрлөгдөн ирсэн. Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд олноороо ирж, тэдэн дундаас халдвартай хүмүүс илэрсэн учраас нийт батлагдсан тохиолдлуудын 65 хувь эрэгтэй байгаа. Насны хувьд 6-80 хүмүүс өвчлөлд өртсөн бөгөөд 15-аас доош насны 8 хүүхэд, 55-аас дээш насны 11 хүн байна.

Нийт батлагдсан тохиолдлуудад эмнэл зүйн шинж тэмдэг хөнгөн, цөөн тохиолдолд хүндэвтэр байгаа. Илэрч байгаа гол шинж тэмдэг нь хоолой өвдөх, ханиалгах, суулгах, халуурах байна. Өвчтөнүүдийн 23 хувь нь шинж тэмдэггүй хөнгөн балархай, 61 хувь нь хөнгөн, 15 хувь нь хүндэвтэр, нэг хувь нь хүнд эмнэл зүйн явцтай байсан.  

Хөнгөн балархай хэлбэрээр өвчлөөд ирж байгаа ч архаг хууч өвчтэй 48 хүн давхар эмчилгээ хийлгээд гарсан. Өнөөдрийн байдлаар таван ээж ХӨСҮТ-д төрсөн.

ХӨСҮТ-д батлагдсан тохиолдол дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа шинжилгээ хийж байгаа. Мөн Цэргийн төв эмнэлэгт, тусгаарлан ажиглах байруудад ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд давхардсан тоогоор 700 гаруй удаагийн шинжилгээ хийсэн бөгөөд коронавируст халдвар илрээгүй.

Тандалтын зорилгоор долоо хоногт 40-60 шинжилгээ авч байгаа бөгөөд коронавируст халдвар илрээгүй. Тэгэхээр ард иргэдийн дунд вирусийн халдвар тархаагүй гэсэн үг" хэмээн ярилаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/282471382868296/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.