Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

Я.Буянжаргал: Өнөөдрийн Сөүл-Улаанбаатарын онгоцоор 172 иргэн ирнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламж, бэлэн байдлын талаарх мэдээллийг танилцуулав.

Манай улс өнгөрсөн хугацаанд нийт 12,075 иргэнийг тусгаарлан ажиглажээ.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,875 иргэн байгаа бөгөөд тэдэнд 57 эмч, 85 дадлагажигч эмч, эмнэлгийн 76 мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

"Баянхонгороос бусад бүх аймагт гэрийн тусгаарлалтад иргэд байгаа"

Я.Буянжаргал "Тусгаарлах байруудад:

  • тав хүртэлх насны 176 хүүхэд,
  • жирэмсэн эмэгтэй 104,
  • хорт хавдартай 24 хүн,
  • хөгжлийн бэрхшээлтэй 15 иргэн,
  • Чихрийн шижин, даралт ихсэх эмгэгтэй 328 иргэн байна.

Баянхонгор аймгаас бусад аймагт гэрийн тусгаарлалтад иргэд бий. Нэг аймагт дунджаар 4-25 иргэн тусгаарлагдсан. Харин нийслэлийн хэмжээнд 573 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

"АНУ-д зүрхний хагалгаанд ороод ирсэн хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна"

Долдугаар сарын 2-ны Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр нислэгээр 426 зорчигч, 16 нисэх багийн ажилтныг хүлээж авсан.

Үүнээс: 

  • 9 иргэнийг ХӨСҮТ
  • 22 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бол бусад хүнийг нь тусгаарлан ажиглах байруудад тусгаарласан.

Мөн тухайн өдөр АНУ-д зүрхний хагалгаанд орсон есөн хүүхдийг орчуулагч, асран хамгаалагчийн хамт хүлээж авсан. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тогтвортой байна.

Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор нийт 262 иргэнийг хүлээж авсан.

"ХӨСҮТ-д нийт таван эх амаржсан"

Өчигдрийн байдлаар бид нийт 26,000 гаруй сорьцод шинжилгээ хийсэн байна.

ХӨСҮТ-д нийт таван эх амаржсан. Үүнээс дөрөв нь хэвийн амарсан бол нэг эх нь хожуу, анхны жирэмслэлт бөгөөд төрөх зам нь бэлтгэгдээгүй учраас кесар хагалгаанд орсон. Одоогоор эхчүүд болон хүүхдүүдийн биеийн байдал сайн байна.

"Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан иргэдийн ес нь эрчимт эмчилгээнд байна"

Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар 91 хүн байна. Үүнээс долоон хүн нь эрчимт эмчилгээний тасагт байгаа бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Цэргийн төв эмнэлэг нийт 602 иргэнийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлсэн. Үүнээс 23 иргэн эрчимт эмчилгээний тасагт амь тэнсэн үеийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн бусад эмнэлэг төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь үзүүлж байна.

Түүнчлэн бид эмнэл зүйн заавраа шинэчилсэн. ДЭМБ-аас хэрэглэхийг татгалзсан ДОХ-ын эсрэг эмчилгээний эмүүд болон хумхаагийн үед хэрэглэдэг эмүүдийг бид коронавирусийн эмчилгээний заавраасаа хасаж байгаа.

"Сөүл-Улаанбаатарын онгоцоор нийт 172 иргэн ирнэ"

Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн дунд сэтгэцийн болон мэдрэлийн чиглэлээр эрүүл мэндийн зөвлөгөө авах байдал нэлээд их байна. Мөн хорт хавдрын эцсийн шатандаа байгаа тохиолдол нэлээд байгаа учраас эмнэл зүйн заавартаа нэмэлтээр эдгээр эмгэгийн үеийн тусламжийн заалтуудыг оруулсан.

Өнөөдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор нийт 172 иргэн ирнэ гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Зорчигчдын дунд эмнэлгийн тусламж шаардлагатай нэг иргэн байгаа.

Иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргасан өргөдөлдөө өөрийн эрүүл мэндийн байдлыг бичих нь бидний бэлэн байдлыг хангахад чухал ач холбогдолтой" гэсэн мэдээлэл өгөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3021234284599145/?v=3021234284599145

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.