Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Зочид буудлуудыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулж болно. Гэхдээ үнийн уян хатан бодлого явуулах хүсэлт тавьсан"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зочид буудлууд хэрхэн ажиллах талаар Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат мэдээлэл өглөө.

Тэрбээр "COVID-19-тэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын хүрээнд Монгол Улсад олон газар тэг зогсолт хийсэн. Үүний нэг нь зочид буудлын салбар юм.  Ялангуяа Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон болон дунд хэмжээний зочид буудлуудын үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон.

Хэдий ийм нөхцөл байдалтай ч гэлээ БОАЖЯ-наас хийж буй дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх арга хэмжээнд нэгдэн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй зочид буудлыг онлайнаар бүртгүүлж, захиалга аваад, дотоод аялагчдаа тав тухтай байлгах, хөнгөлөлттэй үнийн бодлогоор үйлчлэх зэргээр хамтарч ажиллаж байна. Үүний хүрээнд цэвэр аялах арга хэмжээнүүдийг давхар зохион байгуулна. 

Мөн зочид буудлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, дэмжих бодлого хэрэгжүүлэх үүднээс Засгийн газраар дамжуулан БОАЖЯ-д хүсэлт гаргасан. Тодруулбал, үл хөдлөхүүдийн татваруудыг нэг удаа тэглэж өгөх хүсэлтээ өгсөн. Сангийн яам тооцоо судалгаагаа хийгээд, нааштай үр дүнг өгөх байх гэсэн хүлээлт байна. Хөдөө орон нутгаас ирэх аялагчид Улаанбаатарын зочид буудлуудад буух үед үнийн уян хатан бодлого хэрэгжүүлж, 50-70 хувь хүртэлх хөнгөлөлтийг үзүүлнэ. Гэх мэтчилэн бид бүхэн үйл ажиллагаагаа таслахгүйгээр, ажилчдынхаа цалин хөлсийг тавихын тулд хичээн ажиллана" гэв. 

"Бид зочид буудлуудаар хангаж өгч болно. Гэхдээ тодорхой хэмжээнд үнийн уян хатан бодлого явуулж өгөх хүсэлтийг УОК-т тавьсан"  

Мэдээллийн төгсгөл тэрбээр тусгаарлах байрыг орлож буй зочид буудлуудын талаарх асуултад "Монгол Улсын хэмжээнд одоогийн байдлаар 680 орчим зочид буудал үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс тусгаарлалтын байрны зориулалтаар 10 гаруй зочид буудал хамрагдаад явж байгаа. Зарим нэг асуудал бол бий. Бид зочид буудлуудаар хангаж өгч болно. Гэхдээ тодорхой хэмжээнд үнийн уян хатан бодлого явуулж өгөх хүсэлтийг УОК-т тавьсан.   

Өөрөөр хэлбэл, томоохон зочид буудлуудад хүндрэл гараад байгаа зүйлийн тухайд гэхэд өдрийн 50 мянган төгрөг, гурван хоолтой гэдэг нь зардлын хувьд нөхөгдөх боломжгүй болчихоод байгаа юм. Тиймээс 120-150 мянган төгрөгөөр нэг хүнийхийг тооцвол тусгаарлах байраар хангаж өгч болно гэсэн саналыг хүргүүлсэн. Энэ талаар УОК-оос нэг шийд гаргах байх” хэмээх хариултыг өгсөн юм.