Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Долдугаар сарын 15-ныг хүртэл тусгаарлалтын хугацаа 21 хоног хэвээр байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Иргэд гадуур амны хаалтгүй явах нь ихэслээ. Мэргэжлийн байгууллагын зүгээс энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ? 

Д.Нарангэрэл: Халдвар дэлхий даяар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Халдварын тохиолдол эхний гурван сарын хугацаанд нэг саяар тоологдож байсан бол одоо зургаахан хоногийн хугацаанд сая, саяар нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ-аас ч цар тахлын байдал улам дордож байгааг анхааруулж буй. Гэвч манай иргэдийн дунд анхаарал нь суларч байгаа нь ажиглагдаж байгаа нь харамсалтай.

Дэлхий даяар байдал ийм хүнд байх үед иргэд сонор сэрэмжээ алдаж болохгүй. Алхам тутамдаа гараа савандаж угааж, амны хаалт зүүж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлагатай байна.

-Тусгаарлалтын 21 хоногийн хугацааг багасгах боломжгүй юу?

А.Амбасэлмаа: Бид тусгаарлан ажиглах хугацааг 21 хоног болгосноос хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Өвчлөл ямар байгаа улсаас иргэд ирж байгааг харж байж шийднэ.

Ямартай ч сүүлд ирсэн таван онгоцноос халдварын батлагдсан тохиолдол илэрсэнгүй. Нөгөө талаар, одоогоор бид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор иргэдээ татаж байна.

Бид тусгаарлалтын хоногийг заавал 21 гээд хатуу бариад байхгүй. Улс, орнуудаас татан авч байгаа иргэдийн дотроос батлагдсан тохиолдол илэрвэл нарийвчлан судалдаг.

УОК-ын шийдвэрээр долдугаар сарын 15-ныг хүртэл тусгаарлалтын хугацаа 21 хоног хэвээр байна. Цаашдаа иргэдийн татан авалт болон өвчлөлийн нөхцөл байдлаас хамаарч бид мэргэжлийн зүгээс энэ асуудлыг тавина.

-Иргэдийн дунд коронавирус илрүүлэх шинжилгээ хийх үү ?

А.Амбасэлмаа: ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу коронавирусийг илрүүлэхдээ PCR-ийн найдвартай шинжилгээг хийж байгаа. Цар тахал өргөн тархсан бүс нутагт халдвар авсан эсэхийг түргэвчилсэн тестээр эхлээд илрүүлэг хийдэг.

Харин манай улсын хувьд, гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудаа найдвартай оношлохын тулд улсын хэмжээний зургаан лабораторид хангалттайгаар хийж байгаа. Тийм учраас хэрвээ манай улсад дотоодод өвчлөл тархвал төлөвлөлтийнхөө дагуу л үйл ажиллагаагаа зохион байгуулна.

-ДЭМБ-ын оношны хар жагсаалтад манай улс орсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

А.Амбасэлмаа: Тэр бол худлаа мэдээлэл байна. Харин бидний зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлоо оношилж, эмчилж байгааг ДЭМБ-аас үнэлсэн. Цаашид өөрийн улсад тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүл гэсэн зөвлөмжийг өгсөн.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/195595041869440/?v=195595041869440

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.