Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д хоолой боох үйлдлийг дүрсэлж зургаа авхуулсан цагдаа нар ажлаасаа халагджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны зун АНУ-ын Колорадо мужийн Аурора хотод африк гаралтай иргэн 23 настай Элижа Макклэйн цагдаад хоолойгоо боолгуулсны улмаас нас барж байв.

Цус багадах өвчтэй тэрбээр даарахгүйн тулд гадуур явахдаа нүүрэндээ цанын баг зүүж явдаг байжээ. Гэтэл дэлгүүрээс гарч явсан Макклэйнийг хулгайд сэжиглэсэн цагдаа нар саатуулахдаа хоолойг нь боосны улмаас газар дээрээ нас барсан юм.

 
Хохирогч Элижа Макклэйн

Энэ явдлаас хоёр сарын дараа 2019 оны аравдугаар сард Макклэйний дурсгалыг хүндэтгэдэг газрын ойролцоо үүрэг гүйцэтгэж явсан гурван цагдаа хоолой боох үйлдлийг дүрсэлж сэлфи хийжээ.

Тэд энэ зургаа Макклэйнийг баривчлах ажиллагаанд оролцож байсан цагдаад илгээж, хүлээж авсан цагдаа нь “ha ha” гэсэн хариу бичсэн байна. Цагдаа нарын хооронд дамжсан зураг, текст саяхан илэрч, Аурора хотын цагдаагийн газар сэлфи хийсэн хоёр цагдааг ажлаас нь халж, нэг цагдаа нь өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тухай Баасан гарагт зарлажээ.

Сэлфиг хүлээж авсан цагдаа Жэсон Розенблаттыг мөн ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр Макклэйний амийг хөнөөхөд оролцсон гурван цагдаагийн нэг байжээ.

Хоолой боох техникийг дүрсэлж авхуулсан сэлфиг илгээсэн цагдаа нар энэ үйлдлээ “найздаа урам зориг өгөх зорилготой” гэж тайлбарласныг Аурора хотын цагдаагийн газрын дарга Ванесса Уильсон өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Тавдугаар сарын 25-нд Минессота хотод африк гаралтай иргэн Жорж Флоидыг цагдаа нар баривчлахдаа мөн хоолой боох арга хэрэглэснээс амиа алдсан юм. Энэ хэргээс үүдэлтэй арьс өнгөний үзлийн эсрэг, цагдаагийн харгислалын эсрэг тэмцэл өнөөдөр АНУ даяар үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Business Insider