Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Орон нутагт хог хаягдлыг дахин боловсруулахад АХБ-наас хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор боллоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) өнөөдөр коронавирусын халдвар (COVID-19)-ын цар тахлын хүн амын эмзэг бүлэгт үзүүлэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, цар тахлын дараа эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх, болон хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлийн нийт гурван төслийн, хоёр зээлийн хэлэлцээр болон нэг буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа.  

  • “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийн 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээр 
  •  “Аймгийн төвийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд АХБ-ыг төлөөлж тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа.

Харин “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн 30 сая ам.долларын санхүүжилт бүхий зээлийн хэлэлцээрт АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин нар тус тус гарын үсэг зурсан юм.

Гарын үсэг зурах ёслолд Японы Элчин Сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюүки болон холбогдох яамдын төлөөллүүд оролцов.

“Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл” нь АХБ-наас COVID-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр Монгол Улсад үзүүлж буй багц дэмжлэгийн нэг хэсэг бөгөөд төслийн гол зорилго нь цар тахлын эдийн засаг, төсөв, хүн амын эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа нийгмийн хамгааллын арга хэмжээг дэмжих юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцоллоо.

“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх төсөл”-ийн хувьд Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх болон худалдааны өртгийг бууруулахад хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой төсөл юм. Уг төслийг хэрэгжүүлснээр олон улсын худалдааг өргөтгөхийн сацуу цар тахлын дараах эдийн засгийг сэргээхэд зайлшгүй шаардагдах Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх үйл явцад чухал хувь нэмэр оруулах юм.

Мөн энэхүү төслийн хүрээнд Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх бөгөөд ингэхдээ чөлөөт бүсийн дэд бүтэц, түүнд шаардагдах байгууламжуудыг шинээр барих, тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангах болон чөлөөт бүсийн оновчтой менежментийг нэвтрүүлнэ.

Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх суурь, таатай нөхцөлийг бүрдүүлэх төдийгүй худалдааг идэвхжүүлэн, хурдацтай хувьсан өөрчлөгдөх дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалд зохицох боломж бүрдэх юм. Энэхүү төсөл нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн 4b коридорын дагуу АХБ-ны дэмжлэгтэйгээр Монгол Улсад хэрэгжиж буй худалдааг хөнгөвчлөх чиглэлийн хөтөлбөрийн нэг хэсэг юм.

Харин “Аймгийн төвүүдийн хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд орон нутагт хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтцийг бий болгох бөгөөд орон нутгийн иргэд, нэн ялангуяа зорилтот бүлгийн өрхүүд, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, чадавхыг бэхжүүлж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэх юм.

Төслийн хүрээнд хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах талаарх олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагуудад хог хаягдлыг багасгах, дахин боловсруулан ашиглах чиглэлээр шинэлэг арга барил, санаачилгыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн аймгийн захиргааны байгууллагын хатуу хог хаягдлын менежментийн бодлогыг хөгжүүлэх, чадавх, төлөвлөлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, улмаар бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх хог хаягдлын менежментийн нэгдсэн загварыг бий болгоно.

Төслийг Дархан-Уул, Говь-Алтай, Сүхбаатар болон Өвөрхангай гэсэн нийт дөрвөн аймгийн төвд хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлснээр урт хугацаанд эдгээр аймгийн төвийн нийт 160,000 орчим иргэдийн эрүүл мэнд болон байгаль орчны эрсдэлийг бууруулж, улмаар эдийн засаг, байгаль орчин, эрүүл мэндийн зардлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн төсөл хэрэгжих аймгийн хүн амыг мэдээллээр хангаж, хог хаягдал дахин боловсруулах, ашиглахад чиглэсэн байгальд ээлтэй ажлын байрны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх юм.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

 

Эх сурвалж: АХБ