Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Герман улс үндсэрхэг үзэлд автсан тусгай хүчний элит ангиа хэсэгчлэн тараахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед байнга шүүмжлүүлэх болсон KSK тусгай хүчний элит ангийг хэсэгчлэн тараах болсноо Германы батлан хамгаалахын сайд өчигдөр зарлажээ.

Тус анги нь Германы зэвсэгт хүчний удирдлагад зарим талаар захирагдахаа больж, дээд түвшинд нь хэт үндсэрхэг үзэл дэлгэрсэн тул ийм арга хэмжээ авч байгаагаа тус улсын батлан хамгаалахын сайд Аннегрет Крамп Карренбауэр өчигдөр хэвлэлд ярьсан байна.

1996 онд байгуулагдсан KSK элит анги нь 1,400 орчим цэрэгтэй, барьцаанаас хүн чөлөөлөх, гадаадад терроризмийн эсрэг ажиллагаа явуулах зэрэг аюултай үүрэг даалгавар гүйцэтгэдэг байжээ.

Гэвч сүүлийн жилүүдэд тус ангийн бие бүрэлдэхүүнээс хэт үндсэрхэг үзэл илрэх болсон нь Германы олон нийтийн дунд дуулиан тарьж байгаа.

Дуулианы дагуу Карренбауэр сайд тавдугаар сард KSK ангид шалгалт явуулах ажлын хороо байгуулсан юм. Шалгалтын дүнг сайдад өчигдөр танилцуулсан байна.

KSK элит анги цаашид одоогийн бүтцээрээ байх боломжгүй, Бундесверээс (Германы зэвсэгт хүчин) илүү хамааралтай, нэгдмэл болох ёстой гэж Карренбауэр мэдэгджээ.

“Хэт барууны үндсэрхэг үзэлтнүүдэд Бундесверт орон зай байхгүй, даруй орхиж явах ёстой” гэж Карренбауэр ярьсан байна.

KSK элит ангийн дөрвөн нэгжийн дотроос үндсэрхэг үзэл хэт дэлгэрсэн нэг нэгжийг бүрмөсөн тараахаар болжээ.

Тус ангийн командлагч Маркус Крейтмайр албан тушаалдаа хэвээр үлдэх ч бүтцийн шинэчлэл дуусах хүртэл гадаадад үүрэг гүйцэтгэхээр явахгүй болсон байна.

Шалгалтын явцад тус ангиас 48,000 ширхэг сум, 62 кг тэсрэх бодис алдагдсаныг илрүүлжээ. 2017 оны дөрөвдүгээр сард KSK ангийн командлагчийг үдэн гаргах үдэшлэг дээр гахайн толгой шидэж, барууны үзэлтэй рок хөгжим тоглуулж, нацистуудын ёсолгоо үйлдэж байсныг илрүүлсэн байна.

Зарим цэргүүд нь галт зэвсгээ хувийн орон байрандаа хадгалж байсныг тогтоожээ.

2018 онд тухайн үед Германы батлан хамгаалахын сайд асан Урсула фон дер Ляйен зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүдэд Вермахтын үеийн төмөр дуулга, дурсгалын зүйлс хадгалагддагийг мэдээд нацизмтай холбоотой бүх эд зүйлсээс армийг цэвэрлэх тушаал өгч байв.

Тэр мөн дэлхийн хоёрдугаар дайны үеийн цэргийн эрхтнүүдийн нэрээр нэрлэгдсэн анги нэгтгэлүүдийн нэрийг солих арга хэмжээ авч байжээ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд Герман улсад барууны экстремистүүдийн үйлдсэн халдлага нэмэгдээд байна. Энэ оны хоёрдугаар сард Франкфуртын ойролцоох Ханау хотын шиша бааранд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, есөн хүний амийг хөнөөсөн юм.

Цагаачлалыг дэмждэг улс төрч Уолтер Любкегийн амийг хөнөөсөн нео нацистын шүүх хурал энэ зургаадугаар сард болж өнгөрсөн байна.

Германы дотоод хэргийн сайд Хорст Сихофер саяхан барууны экстремист үзэл, терроризмийг тус улсын “ардчиллын хамгийн том дайсан” гэж тодорхойлоод аюулгүй байдлыг чангатгахаа амлаж байв.

 

 Эх сурвалж: AFP