Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд "... авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж..." гэдэг үг нэмжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөх ёслол чуулганы хуралдааны танхимд үргэлжилж байна. 

Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу гишүүний тангаргийг хуралдаан даргаж буй хамгийн ахмад гишүүн эхэлж уншсанаар бусад гишүүд нэг нэгээрээ индэрт гарч тангараг өргөж байна. 

Үүнээс өмнө хамгийн ахмад гишүүн тангаргийн үгийг уншихад бусад гишүүд дагаж хэлэн, тангараг өргөдөг байсан. Харин энэ удаагийн парламентын гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар индэрт гарч, тангараг өргөж, гарын үсэг зурж байна. 

Түүнчлэн УИХ-ын гишүүний тангаргийн үгэнд өөрчлөлт оруулсан байна. 

Өмнөх тангаргийн үгэнд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” гэсэн байдаг бол өнөөдөр тангараг өргөж буй гишүүд “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийн дээдлэн сахиж,  авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн уншиж байгаа. 

Энэхүү өөрчлөлтийг АТГ-аас санал болгосноор оруулжээ. Энэ талаар АТГ-ын дарга З.Дашдаваа "Өнөөдрийн мөрдөгдөж байгаа дэгээр УИХ-ын гишүүд бүгд нэг дуугаар уншаад, туганд мөргөөд л, тангараг өргөх үйл ажиллагаа өндөрлөж байгаа. Монгол Улсын төрийн эрх мэдэл бол ард түмний гарт байдаг. Энэ эрх мэдлээ УИХ-ын гишүүнээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж Үндсэн хуульд заасан. Тийм учраас УИХ-ын гишүүн төр, түмний төлөө зүтгэх учиртай. УИХ-ын гишүүн тангараг өргөсөн эхний өдрөөсөө л энэхүү үүрэг хариуцлагаа сайтар ойлгож ажиллах ёстой гэж бид үзэж байгаа.

“Монгол Улсын Их Хурлын гишүүн би ...иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж” гэж бид нэмж оруулж байгаа.  “Гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөнө” гэж өөрчлөн найруулах найруулах саналтай байна.

Тодорхой хэмжээнд нэг өдөр суугаад уншаад цээжилнэ гэдэг бол ингэхэд би ер нь ямар ажил албанд очиж байгаа билээ гэдэг мэдрэмж зайлшгүй төрнө. Үндсэн хуулиа зайлшгүй уншина.

Тодорхой цаг хугацаа орох байх. Гэхдээ нэгэнт төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллаж байгаа хүн ард түмнийхээ өмнө өөрийн биеэр энэ тангарагийг өргөдөг байх ёстой. Ингэж илэрхийлэх нь тухайн сонгогдож байгаа гишүүнд ойлгомжтой байх юм болов уу гэж бид харж, ийм санал оруулж байна.

Тангарагийн үгэнд бас “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна” гэж оруулах санал өгч байгаа нь УИХ-ын эрхэм гишүүдийг аливаа гэмт хэрэг, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлж байгаа том ажил" хэмээн тайлбарлаж байжээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2840871579475014/