Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотой Трампын нам нэгтнүүд амны хаалт зүүхийг уриалж эхэллээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах намыг дэмждэг АНУ-ын мужуудад коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Дональд Трампын нам нэгтнүүд амны хаалт зүүхийг олон нийтэд уриалж эхэлжээ.

Харин Трамп өөрөө амны хаалт зүүхийг эсэргүүцсээр байгаа.

Тухайлбал конгрессын төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын бүлгийн тэргүүн Кэвин Маккарти өчигдөр CNBC сувагт ярихдаа амны хаалт зүүхийг америкчуудад уриалжээ.

Түүний сонгогдсон муж болох Калифорнид халдвар дахин нэмэгдсэн тул цуцлаад байсан хорио цээрийн дэглэмээ хэд хоногийн өмнөөс сэргээж эхэлсэн юм.

Халдвар эрчимтэй тархаж байгаа Өмнөд Каролина мужийн сенатор Тим Скотт мөн ижил утгатай уриалгыг өчигдөр твиттер хуудсандаа бичжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Дик Ченигийн охин, Бүгд Найрамдах намын конгрессын гишүүн Лиз Чени саяхан бас аавынхаа амны хаалт зүүсэн гэрэл зургийг сошиал сүлжээнд нийтлээд нийт америкчуудад уриалга гаргаж байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп амны хаалт зүүхгүй байгаа шалтгаанаа өмнө нь хоёр янзаар тайлбарлаж байв.

Тухайлбал тэр гадаадын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, зураг авхуулахдаа амны хаалт зүүсэн байх нь зохимжгүй гэж эхлээд ярьж байжээ.

Дараа нь тэр зүгээр л хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчдийг баярлуулахгүйн тулд амны хаалт зүүхгүй гэж мэдэгдэж байв.

Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд түүнтэй өрсөлдөх Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден эсрэгээрээ олон нийтийн арга хэмжээнд оролцох бүртээ амны хаалт зүүж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters