Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хилийн мөргөлдөөний дараа Энэтхэг улс Хятадын TikTok аппликэйшныг хориглолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын дундуур Хималайн уулсын бүс дэх маргаантай хилийн зурваст Энэтхэг, Хятадын цэргүүд тулгарч, хүний амь үрэгдсэн нь сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд гараагүй том мөргөлдөөн болсон юм.

Энэ явдлын дараа Энэтхэг улсад Хятадын хөрөнгө оруулалт, бараа бүтээгдэхүүний эсрэг хориг арга хэмжээнүүд хэрэгжиж эхлээд байгаа. Тэгвэл өчигдөр Делигийн эрх баригчид залуусын дунд өргөн хэрэглэгддэг Хятадын компанийн бүтээгдэхүүн болох TikTok аппликэйшныг хориглох шийдвэр гаргажээ.

TikTok-оос гадна Хятадад бүтээгдсэн өөр 50 гаруй аппликэйшныг хориглосон байна.

Энэтхэгийн мэдээллийн яам “үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлж буй тул” гэж шийдвэрээ тайлбарлажээ.

Богино хэмжээний видео бичлэг хуваалцах зориулалттай TikTok аппликэйшн нь Энэтхэгт 200 гаруй сая хэрэглэгчтэй бөгөөд тус улсын зах зээлд хамгийн олон удаа татагдсан бүтээгдэхүүн юм.

Энэтхэгийн зарим алдартнууд энэ сүлжээнд хэдэн арван сая дагагчтай байдаг.

Тус улсын засгийн газар хилийн мөргөлдөөний дараа Хятадын 300 орчим бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноож, Хятадын компаниудыг харилцаа холбооны төслүүдэд оролцуулахыг хориглох шийдвэр гаргажээ.

Саяхан бас нийслэл Дели хотын зочид буудал, ресторануудын эздийн холбоо өөрийн гишүүн 3,000 гаруй байгууллагуудад Хятадын иргэдийг хүлээж авахгүй байх хориг зарласан байна.

 

Эх сурвалж: AFP