Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

"АНУ-аас ирсэн халдвартай иргэний гэр бүлийн хүний эхний шинжилгээнд коронавирус илрээгүй"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

"Санал хураалтын үеэр COVID-19-ийн сэжигтэй тохиолдол гараагүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

-Өчигдөр УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт болж өндөрлөлөө. Сонгуультай холбоотойгоор сэжигтэй тохиолдол болсон уу?

Д.Нарангэрэл: Сонгуулийн санал хураалтын үеэр Улаанбаатар хотод гэхэд 902 эмч, эмнэлгийн ажилтан иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.

Сонгуультай холбоотойгоор ямар нэг сэжигтэй асуудал гараагүй.

"АНУ-аас ирсэн халдвартай иргэний гэр бүлийнх нь хүнээс коронавирус илрээгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

-Шинэ тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүсийг олж тусгаарласан уу?

А.Амбасэлмаа: Зургаадугаар сарын 24-ний өдөр АНУ-аас ирсэн зорчигчдын нэгээс нь коронавирус илэрсэн.

Тухайн хүн гэр бүлийнхээ хүнтэй хамт ирсэн бөгөөд гэр бүлийн хүн нь гадаадад нүдний хагалгаанд орсон байсан. Бид ойрын хавьтлыг хамт ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна. Эхний шинжилгээгээр гэр бүлийнх нь хүнээс коронавирус илрээгүй.

"ОХУ-аас ирсэн иргэдээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарласан"

-Өчигдөр ОХУ-аас ирсэн иргэдээс шинжилгээ авч дууссан уу?

А.Амбасэлмаа: Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдээс урьдчилсан байдлаар гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан.

Бусдыг нь ажиглах байруудад байрлуулж байгаа бөгөөд бид өнөөдөртөө багтаж тэдгээр хүмүүсээс шинжилгээгээ авч, гүнзгийрүүлсэн тандалт судалгаагаа хийнэ.

АНУ-аас ирсэн хүмүүсийн шинжилгээнд ч гүнзгийрүүлсэн судалгаа хийгдэж байна.

"Уушгины хатгаатай, хүндэвтэр өвчтөнд антибиотик эмчилгээг хийнэ"

-Эмчилгээний талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: Эмчилгээний хувь өвчтөнүүдэд вирусийн эсрэг эмчилгээ, дархлаа дэмжих эмчилгээ хийж байна.

Манайх зургаан сар орчмын хугацаанд коронавирусийн халдвар авсан хүмүүсээ эмчилсэн. Тэр туршлагаараа болон ДЭМБ-ын заавар зөвлөмжийн хүрээнд эмчилгээ, үйлчилгээ явагдаж байгаа.

-Жирэмсэн эмэгтэйчүүдэд антибиотик эмчилгээ хийж байгаа юу?

А.Амбасэлмаа: Антибиотикийн эмчилгээг хүн бүрт хийхгүй.

Уушгины хатгаатай, биеийн байдал нь хүндэвтэр өвчтөнд энэ эмчилгээг сонголтоор нь хийнэ.

"Манай улс БНХАУ-аас түүхий мах оруулж ирэхгүй байгаа"

-Манай улсад БНХАУ-аас орж ирж байгаа мах, махан бүтээгдэхүүнд ямар нэг халдварын эрсдэл үүсэх боломжтой юу?

А.Амбасэлмаа: Манай улс БНХАУ-аас тахианы мах оруулж ирэхгүй байгаа. Анх тус улсад халдвар гарснаас хойш түүхий мах хилээр оруулж ирэхийг хориглосон.

Мөн бид хилийн боомтын цэг дээр нь лабораторийн шинжилгээг хийж, хяналт тандалт эрчимжүүлсэн хүчээр ажиллаж байгаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/817490441990912/?v=817490441990912

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.