Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилын шүүх улсынхаа ерөнхийлөгчид амны хаалт зүүлгэх шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару

Бразил улсын шүүх өчигдөр тус улсын ерөнхийлөгч Жайр Болсонаруд олон нийтийн дунд орохдоо заавал амны хаалт зүүж байхыг тулгасан шийдвэр гаргажээ.

Барууны үзэлтэй Болсонару хэдийгээр коронавирусийн цар тахалд хамгийн их нэрвэгдсэн улсуудын нэгний ерөнхийлөгч боловч олон нийтийн хэд хэдэн арга хэмжээнд амны хаалтгүй оролцож байв.

Холбооны Шүүхийн шүүгч Ренато Борелли өчигдөр шийдвэрээ нийтэд танилцуулжээ. Шийдвэр ёсоор Болсонару олон нийтийн арга хэмжээнд амны хаалтгүй оролцсон өдөр бүрийн тоогоор 2,000 реалийн ($387) торгууль хүлээх болсон байна.

Бразил улс нь коронавирусийн батлагдсан халдварын тоогоор дэлхийд зөвхөн АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа. Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 39,436 халдварын тохиолдол бүртгэгдэж, 1,374 хүн нас барсныг өчигдөр эрүүл мэндийн яам нь зарлажээ.

Нийтдээ тус улсад 1.1 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 52,000 гаруй хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: Reuters