Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Залуу сонгогчид хэнийг дэмжих вэ?

Т.Саран, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол ТВ-ийн "Нүүдэл шийдэл" нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаараар "Залуу сонгогчид хэнийг дэмжих вэ?" сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх:

https://www.facebook.com/mongoltv/videos/247697743187607/?t=98

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүргэж байна.

Бодит байдал дээр боловсролын асуудлыг авч хэлэлцэж байгаа улстөрч байхгүй

 

"Зориг"сангийн гүйцэтгэх захирал М.Маралмаа:

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хувийн ажлаас гадна нийгэмд юу хийж байсан нь юу юунаас илүү  чухал.

Боловсролын хүртээмж, чанарын асуудлыг барьж аван шийдвэрлэсэн хүнд залуучууд маш ихээр саналаа өгнө. Гэвч бодит байдал дээр боловсролын асуудлыг авч хэлэлцэж байгаа улстөрч байхгүй.

Залуус бидэнд энэ асуудал чухал гэдгийг өөрсдөө гаргаад хэлэхгүй л бол боловсролын асуудал шийдэгдэхгүй.

Бүх залуу сонгогч сонгуульд саналаа өглөө гээд манай улс гэнэт хөгжлийн зам руу орох зүйл болохгүй. Энэ хэтэрхий бодит бус төсөөлөл юм. Харин сонгуульд өгсөн амлалтыг нь тэр хүнээс эргүүлээд асуудаг, түүний араас хөөцөлддөг, биелүүлээгүй бол сольж хариуцлага хүлээлгэдэг ийм дадал хэвшлийг бид суулгах хэрэгтэй.

Залуучууд сонгуульд саналаа идэвхтэй өгвөл улстөрчдөд дуу хоолойгоо хүргэж байгаа нэг хэлбэр болох юм

 

"Хариуцлагатай оюу ирээдүй" ТББ-ын УЗ-ийн дарга Б.Али:

Энэ жилийн хувьд залуучууд сонгуульд илүү идэвхтэй оролцоно гэж үзэж байгаа ч залуучууд яагаад сонгуульд саналаа өгөх ёстойгоо ойлгохгүй байгаад байна.

Сонголтод нөлөөлөх хамгийн чухал шалгуур бол өмнө нь юу хийж байсан нь чухал хэдий ч ирээдүйд залуучуудад холбоотой ямар асуудлыг шийдэх гэж буй нь нэн түрүүнд тавигдана. Итгээд сонгоод 4 жилийн дараа тэр хүнээсээ хариуцлага нэхэх ёстой.

Бидний үзэл бодлоо илэрхийлээгүй өнгөрсөн үе бүхэн дараа нь бидний эсрэг ашиглагдаж байдаг.

Залуучууд сонгуульд саналаа идэвхтэй өгвөл улстөрчдөд дуу хоолойгоо хүргэж байгаа нэг хэлбэр болох юм.

Бидний 4 жил  цаашлаад 40 жилийн ирээдүй шийдэгдэх тул маш удаан дараалалтай байсан ч хүлээгээд заавал саналаа өгөөсэй гэж хүсмээр байна.

Залуучуудын хувьд тулгамдаж буй асуудал бол Боловсрол, хот төлөвлөлт, хуулийн тэгш бус байдал 

 

"UB.LIFE" сайт, “Гэрэг” сэтгүүлийн дэд захирал Ж.Хулан:

Үнэхээр УИХ-д төлөөлөл болж очих гэж байгаа бол яагаад очих гэж байгаа, ямар асуудлыг шийдэх бодитой санаа чухал юм.

Залуучуудын санал Улсын их хурлын  сонгуульд үнэ цэнтэй.

Нийгэмд хууль тогтоомж гарган бид тодорхой нэг гэрээн дээр амьдарч байна. Залуучууд саналаа өгөхгүй байвал өөрсдийн тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй.

Залуучуудын хувьд тулгамдаж буй асуудал бол Боловсрол, хот төлөвлөлт, хуулийн тэгш бус байдал юм.

Залуучууд хэн нэгний хэлсэн  логикгүй хоосон амлалтад итгэхгүй гэдэгт би найдаж байгаа

 

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан:

Өмнө нь жижиг цөөн хүн сонгодог байсан бол энэ удаад 36 хүнээс 3 хүнийг сонгох нь байна.

Сонголт хийх шалгуурт, хувь хүний гэр бүлийн байдал, боловсрол ажлын түүх, нийгмийн асуудал нэн ялангуяа хүүхэд залуучуудын асуудалд мөрийн хөтөлбөртэй тусгасан байдлыг харах болно.

Монгол улсын төрийг хэн барих вэ?  гэсэн маш том шийдвэрийг гаргах гэж байгаа учир нэг санал ч гэсэн хамгийн үнэ цэнтэй байгаа юм.

Залуучууд хэн нэгний хэлсэн  логикгүй хоосон амлалтад итгэхгүй гэдэгт би найдаж байгаа.

Улс төр болон нийгмийн амьдралын  гол хүчийг авч явдаг үе солигдож байна. Шинэчлэлт, өөрчлөлт хүсэж  байгаа энэ үед хэдэн үе өнгөрсөн хүмүүсийг сонгоод байвал өөрчлөлт гарахгүй.