Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Ялалтын парадад оролцох цэргүүдийг ОХУ руу явахад эрүүл гэдгийг нь тодорхойлсон. Ирэхэд нь 21 хоног тусгаарлана"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.

Өнөөдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн гурван жолоочид коронавирусийн халдвар илэрч, тэднийг ХӨСҮТ-ийн эмчилгээнд оруулсан билээ.

"Цаашид ч жолооч нараас халдвар илэрвэл тусгаарлаж, эмчилсээр байна"

-Хилээр орж ирж байгаа жолооч нарыг цаашид тусгаарлаж, Монголд эмчилсээр байх уу?

-Жолооч нар үнэхээр улс оронд маань хэрэгтэй зүйлс буюу та, бидний хүнсийг гаднаас зөөвөрлөн оруулж ирж байгаа хүмүүс.

Тиймээс цаашид олон улсын гэрээ хэлэлцээрт хүлээсэн үүргийнхээ дагуу бид жолооч нарыг тусгаарлаж, эмчилгээнд авсаар байх болно.

Хамгийн гол нь ингэхдээ тархвар судлалын тандалт судалгааг улам сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаа. 

Гэхдээ ачаа тээврийн жолооч нараас вирусийг илрүүлж байгаа нь хяналт сайн байгаагийн шинж.

"Эх орондоо ирж эмнэлгийн тусламж авч буй хүмүүсийн биеийн байдал сайжирч байна"

-Гадаадаас ирж байгаа хүмүүсийн хэд нь эрүүл мэндийн үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай байгаа вэ. Тэдгээр хүн эх орондоо ирсний дараах эмчилгээ хэр сайн байгаа бол?

-УОК-ын Шуурхай штабт гадаадад байгаа иргэдээс маш олон хүсэлт, өргөдөл ирдэг юм билээ. 

Тэдгээрээс эхний ээлжинд гадаадад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан ба энд ирээд үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүс ирж байгааг онцлох хэрэгтэй.

Түүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд, 0-5 насны хүүхэдтэй эцэг, эхчүүд ч ирж буй. Өчигдрийн Сөүлийн нислэгээр БНСУ-д байх эрхгүй болсон манай иргэд олноор ирсэн.

Ер нь иргэдээс ирсэн хүсэлтийг Шуурхай штаб маш нарийн заалтаар шүүж авч байгаа юм билээ.

Харин энд ирсэн хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тусгаарлахыг л эрүүл мэндийн байгууллага хариуцан ажиллаж байгаа.

Бид урьдчилсан байдлаар эмнэлгийн тусламж шаардлагатай, ирэх хүмүүсийн мэдээллийг аваад зарим тохиолдолд эндээс эмч явуулах үе бий.

Тухайлбал, маргааш Зүүн Өмнөд Азиас ирэх 76 настай, тархины цус харвалттай өвчтөнийг яаж авчрах болон ямар эмнэлэгт байлгах, ямар тусламж үзүүлэх зэргийг тооцоолж байна.

Мөн Одоогийн байдлаар эх орондоо ирсэн, эмнэлгийн тусламж авч байгаа хүмүүсийн биеийн байдал харьцангуй сайжирч байна.

"ОХУ-руу явсан иргэдийг эрүүл гэдгийг нь шинжилгээгээр баталсан"

-ОХУ-руу Ялалтын баярын парадад оролцохоор манай улсын цэргүүд явсан. Өвчлөл тийм их байгаа улс руу яагаад иргэдээ явуулж байгаа юм бэ?

-Тэр хүмүүс УОК-ын шийдвэрээр явсан. 

Эрүүл мэндийн байгууллагын зүгээс шинжилгээ авч, эрүүл гэдгийг нь тодорхойлоод явуулсан.

Ирснийх нь дараа ч шинжилгээ авч, 21 хоног тусгаарлана.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/3311624072184143/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.