Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Бээжин хот руу орох, гарах агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар тус улсад 18,500 тохиолдол, 496 нас баралт шинээр бүртгэгдлээ.

Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 2,104,000-д хүрлээ. Үүнээс эндсэн хүний тоо 116 мянга гаруй болсон байна.

АНУ-ын Засаг захиргаа долдугаар сарын 21-ний өдөр хүртэл Канад, Мексик улстай хилээ нээхгүй гэдгээ мэдэгджээ.

АНУ болно Канад улс гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш хоорондын зорчих хөдөлгөөнөө хаагаад байгаа бөгөөд зөвхөн зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг хилээрээ нэвтрүүлж байгаа юм.

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34,900 гаруй тохиолдол, 1,282 нас баралт шинээр бүртгэгджээ.

Ингэснээр тус улсад нийт батлагдсан халдварын тоо 923,100 гаруй болж, 45,200 хүн уг өвчний улмаас нас барсан гэсэн тоон мэдээлэл байна.

Мөн өдөр 29 мянган хүн шинээр эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 441,700 болсон бол 436 мянган хүн идэвхтэй халдвартай байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Халдварын тархалт Сан-Паулу, Рио-де-Жанейро хотод хамгийн өндөр байгаа юм. Гэсэн хэдий ч Рио-де-Жанейро хотын захирагч Лхагва гарагаас эхлэн хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулах тухайгаа мэдэгджээ.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар 72 тохиолдол, нэг нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

Шинэ тохиолдлуудын 60 нь дотоодын халдвар байсан бол 12 нь гаднаас зөөвөрлөгджээ.

БНСУ

БНСУ-д өчигдөр шинээр 43 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдлээ.

Шинэ тохиолдлуудын 31 нь дотоодын халдвар байжээ.

Тус улсад сүүлийн сар гаруйн хугацаанд зөвхөн Сөүл хот болон түүний эргэн тойрны нутаг дэвсгэрт халдвар бүртгэгдэж байсан ч өчигдрөөс Сөүлээс гаднах бүс нутгуудад халдвар бүртгэгдэж эхэллээ.

Түүнчлэн БНСУ-ын Хүнс, эмийн аюулгүй байдлын яамнаас Лхагва гарагаас хумхаагийн эсрэг эмчилгээний Hydroxychloroquine, Chloroquine эмийг халдвартай өвчтөнүүдэд хэрэглэж үзэх туршилтаа зогсоож байгаа аж.

Тус улсын хоёр томоохон эмнэлэгт дээрх хоёр эм болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээний эмийг туршиж байсан ч ийнхүү Hydroxychloroquine, Chloroquine эмүүдийг туршилтаас хассан байна.

БНХАУ

БНХАУ-д өчигдөр шинээр 44 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ тохиолдлуудын 33 нь дотоодын халдвар байсан бол 11 нь гаднаас зөөвөрлөгджээ.

Дотоодын 33 халдварын 31 нь Бээжин хотын Шинфади хүнсний захтай тархвар зүйн холбоотой гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдээллээ.

Бээжингийн шинэ голомтоос гарсан халдварын тоо 137 болоод байна. Үүнээс гадна тус улсын хэмжээнд шинж тэмдэггүй халдвар 11-ээр нэмэгджээ.

Шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудыг бүгдийг нь эмнэлгийн хяналтад аваад байгаа аж.

Халдвар дахин тархаж байгаагийн улмаас Бээжин хот руу орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоогоод байна. 

Түүнчлэн тавдугаар сарын 30-ны өдрөөс хойш халдвар гарсан захаар үйлчлүүлсэн 200 мянга орчим хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулж эхэлжээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1403910146459917/?v=1403910146459917

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.